Эрүүл мэндийн яамнаас сургагч багш бэлтгэх сургалт хийж байна

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-05-26 21:19:18

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт Эрүүл мэндийн яамнаас ирсэн эмч мэргэжилтнүүд эрүүл мэндийн байгууллагад коронавирусний халдварын сэргийлэлт, хяналт болон эмнэлгийн бэлэн байдалд үнэлгээ өгөх, сургагч багш бэлтгэх сургалтыг энэ сарын 25-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байна.

Сургалтыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүн амын сан, Хүүхдийн сан санхүүжүүлж байгаа аж.

Өчигдөр Өлгий хотод болсон сургалтад аймгийн Нэгдсэн эмнэлэг, Зоонозын өвчин судлалын төв, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүд оролцсон. Харин өнөөдөр Толбо суманд болж буй хоёр дахь өдрийн сургалтад Алтай, Буянт сумын Эрүүл мэндийн төв, Дэлүүн сумын Сум дундын эмнэлгийн эрхлэгч, эмч мэргэжилтнүүд оролцож байна.

Эмч, мэргэжилтнүүд сургалтад оролцогчдод Ковид-19 халдварын чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд, халдвараас сэргийлэх, хянах, халдварын үеийн эмнэл зүй, хамгаалах хувцас, хэрэгслийн зөв хэрэглээ, оношилгоо, гарын эрүүл ахуй зэрэг сэдвээр мэдээлэл хийж байна.

Тус сургалтаар аймгийн хэмжээнд 20 сургагч багш бэлтгэх бөгөөд бэлтгэгдсэн сургагч багш нар хөтөлбөрийн дагуу аймгийн хэмжээний бүх эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүдэд сургалт явуулах ажээ.  

Холбоотой мэдээ