С.Батжаргал: Иргэд саналын хуудсыг бөглөхдөө гурван нэр дэвшигчийг дугуйлах ёстой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-05-26 12:55:11

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Сонгуулийн хорооны дарга С.Батжаргалтай уулзаж, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг аймаг орон нутагт хэрхэн зохион байгуулах, намууд, нэр дэвшигчид юунд анхаарч ажиллах, сонгогчид саналын хуудсыг хэрхэн бөглөх зааварчилгаа зэргийг асууж тодрууллаа.

 

-УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг Увс аймагт зохион байгуулах аймаг, сум, багийн хэсэг, хороодыг байгуулсан уу?

-Увс аймгийн Сонгуулийн хороо 2020 оны 4-р сарын 15-ны өдөр Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны тогтоолоор 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Сумдын сонгуулийн хороог 4-р сарын 25-ны өдөр 5-7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Өөрөөр хэлбэл, хөдөөгийн 18 суманд 5 хүний бүрэлдэхүүнтэй, Улаангом суманд 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Мөн 18 суманд 7 хүний бүрэлдэхүүнтэй, аймгийн төвийн 701-ээс дээш сонгогчтой газруудад 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр Хэсгийн хороодыг байгуулсан. Манай аймагт сонгуулийг зохион байгуулах 92 хэсгийн хороо ажиллана. Тариалан суманд хоёр багийг нэгтгэж, нэг санал авах байр болгосон. Үүнийг эс тооцвол аймгийн баг тус бүр дээр Хэсгийн хороод ажиллана.

Сонгуулийн байгууллагын ажилтнууд төрийн албан хаагчид байх ёстой гэсэн үндсэн шаардлага бий. Үүнээс гадна энэхүү сонгуулийг зохион байгуулж явуулах хууль эрх зүйн мэдлэгтэй гэдгийг нотлох сургалтад хамрагдаж, сертификат авсан байх ёстой гэсэн хоёр дахь шаардлагыг тавьж байгаа. Өмнө нь буюу 2016, 2017 оны сонгуулиар төрийн албан хаагчдад тухайн үедээ сургалт явуулж, сертификат олгосон байсан. 2020 оны хувьд коронавирусний халдвараас урьдчилан сэргийлж сургалтыг цахимаар зохион байгуулсан. Өөрөөр хэлбэл, СЕХ-ны цахим хуудсаар бүртгэл хийж, энэхүү бүртгэлд хамрагдсан төрийн албан хаагчид цахим сургалтад хамрагдсан. Сургалтад хамрагдсан төрийн албан хаагч нар цахимаар шалгалт өгч, тэнцсэн нөхцөлд сертификатны цахим дугаар олгосон. Ингэж энэ удаагийн сонгуулийг зохион байгуулах төрийн албан хаагч нарыг бүрдүүлсэн байгаа.

-Одоогоор ямар ажлууд хийж байгаа вэ?
-Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу сонгуулийн шат шатны бүрэлдэхүүнийг томилж бэлтгэл ажилд оруулаад эхэлсэн. 2020 оны 5-р сарын 10-16-ны хооронд улс төрийн нам, эвслүүд дотоод зохион байгуулалтаараа, эвслийн дүрмээрээ сонгуульд нэр дэвшигчдээ тодруулж дууссан. Мөн бие дааж нэр дэвшигчид 5-р сарын 10-16-ны хооронд аймгийн Сонгуулийн хорооноос шаардлагатай материалыг авч, Увс аймгийн 15 дугаар тойрог дээрх сонгогчдын дэмжиж байгааг илэрхийлсэн гарын үсгийг цуглуулж дууссан. Одоо 5-р сарын 21-нээс эхлээд СЕХ-нд улс төрийн нам, эвслүүд болон бие даагч нар материалаа бүрдүүлж өгөх юм. СЕХ нэр дэвшигч нарын материалыг нэг бүрчлэн хянаж үзнэ. Өөрөөр хэлбэл, татварын өртэй эсэх, шүүхийн шийдвэрийн өртэй үгүйг, хуулинд заасан бусад шаардлагыг хангаж байгаа эсэхийг нэр дэвшигч тус бүрээр хянаж үзнэ гэсэн үг. Ингээд 6-р сарын 2-ны өдөр нэр дэвшигч нарт албан ёсоор Нэр дэвшигчийн үнэмлэхийг нь гардуулна. Нэр дэвшигчийн үнэмлэх гардаж авсан тэр мөчөөс эхлэн нэр дэвшигч сонгуулийн сурталчилгаагаа эхлэх эрх нь үүсч байгаа. Ирэх 6-р сарын 2-22-ны өдөр хүртэл 21 хоногийн хугацаанд сонгуулийн сурталчилгааны ажлууд явж дуусна. Харин 6-р сарын 23-ны 00 цагаас сурталчилгаа албан ёсоор зогссон байх ёстой. 6-р сарын 24-ний өдөр санал хураах өдөр болно.

-Сонгогчид юуг анхаарах ёстой вэ?

-Энэ удаагийн УИХ-ын сонгуулийн Увс аймгийн 15 дугаар тойрог гурван мандаттай. Өөрөөр хэлбэл, сонгогчдоос хамгийн их санал авсан гурван нэр дэвшигч УИХ-ын гишүүн болно. Гурван мандаттай тойргийн саналын хуудсыг иргэд сонгож бөглөхдөө заавал гурван нэр дэвшигчийг дугуйлах ёстой. Хэрвээ 3-аас доош иргэнийг дугуйлах, эсвэл 3-аас илүүг дугуйлах юм бол санал авах төхөөрөмж саналын хуудсыг хүлээж авахгүй. Иймээс иргэдэд хандаад заавал гурван нэр дэвшигчийг дугуйлах ёстой шүү гэдгийг анхааруулж хэлмээр байна. Саналын хуудсыг өөр ямар тохиодолд унших вэ гэвэл хэнийг ч дэмжээгүй цэвэр цагаан цаасыг унших юм. Энэ нь санал тоолох төхөөрөмжийн хэвийн ажиллагааг шалгах үед ашиглах горим гэж ойлгох хэрэгтэй.

-Увс аймгийн гурван мандат дээр хэчнээн хүн өрсөлдөж байгаа вэ?

-СЕХ-ноос тогтоол гаргаж, албажуулж батлаагүй байна. Нэр дэвшихээр саналаа илэрхийлсэн хүмүүсийн тоо урьдчилсан байдлаар л гарч байна. СЕХ-нд 20 орчим иргэн материалаа бүрдүүлэн өгөөд байна. Одоо харин нэр дэвшигч нарын материал шаардлага хангаж байгаа эсэх талаар СЕХ нягталж шалгаж үзсэний дараагаар тогтоол гаргаж байж энэ хүмүүсийн нэр дэвших эрх нь албан ёсоор баталгаажих юм.   

-Аймгийн хэмжээнд хэчнээн сонгогч байгаа вэ?

-Увс аймгийн хэмжээнд 51700 орчим сонгогч байна гэсэн урьдчилсан тоон мэдээ байгаа. Гэхдээ энэ тоо бага зэрэг өөрчлөгдөнө. Хуулинд заасны дагуу 2020 оны 5 дугаар сарын 1-нээс өмнө шилжин ирсэн хугацаат цэргийн албан хаагч болон цагдаагийн байгууллагын ажилтны судалгааг УБЕГ хянаж үзээд сонгогчийн нэрсийн жагсаалтад нэмж оруулж байгаа. Мөн сонгуульд нэр дэвшигчийн багт ажиллах менежер, шадар туслахын тоогоор өөрчлөгдөнө. Менежер болон шадар туслахын тоог хуулиар тогтоосон тул манай аймгийн тухайд нэг нэр дэвшигч хамгийн ихдээ 1 менежер, 30 орчим шадар туслахтай ажиллана. Сонгуулийн тойрог дотор нэг хэсгийн хорооноос нөгөө хэсгийн хороонд шилжих хөдөлгөөн хийх нөхцөлүүдийг тодорхой зааж өгсөн байгаа. Энэ нь сонгуулийг зохион байгуулах хэсгийн хорооны гишүүд, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан, цагдаагийн албан хаагч, мэдээллийн технологийн ажилтнуудад хамаарах юм.

-Өнгөрсөн сонгуулиар “Царцааны нүүдэл” гэдэг нэр томъёо гарч ирсэн. Энэ удаагийн сонгуулиар тийм зүйл гарахгүй гэж ойлгож болох уу?

-“Царцааны нүүдэл” гэж ярьж хэвшсэн энэхүү сөрөг үйлдлийг зогсоохын тулд 2020 оны 2-р сарын 1-нээс эхлэн шилжилт хөдөлгөөнийг Монгол Улс даяар хуулиар зогсоосон. Сонгуулийн нэг тойргоос нөгөө тойргийн сонгуулийн дүнд нөлөөлөх зорилго бүхий иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хүлээн авахгүй гэж ойлгож болно.

-Сонгуулийн үеэр коронавирусний халдвар тархах эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажлууд хийх бол?

-Энэ жилийн УИХ-ын сонгуулийн онцлог бол дэлхий нийтээр тархаад байгаа Ковид-19 цар тахлын үед зохион байгуулж байгаагаарай онцлог байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр манай ард иргэд БНСУ сонгуулиа саяхан зохион байгуулсан тухай мэдээлэл авсан байх. Тухайн улс оронд халдвар гарсны дараа сонгууль зохион байгуулсан. Тус улсын туршлагыг СЕХ судалж үзэхэд халдвар хамгааллын дэглэмийг маш сайн хийсэн байна. Сонгогч тус бүр бээлийтэй, амны хаалттай, 1,5 м-ээс илүү зайтай санал авах байранд орж гардаг. Санал авах байранд халдваргүйжүүлэх ажлыг маш сайн хангасан байсан. Манай улсын тухайд БНСУ-ыг бодоход давуу тал бий. Энэ нь дотооддоо халдвар тархаагүй байгаа. Хэдийгээр өнөөдөр халдвар авсан 141 иргэн байгаа ч энэ нь гадаад улсаас зөөвөрлөгдөж ирсэн, эрүүл мэндийн байгууллагын хараа хяналт дор эмчлэгдэж байна. Дотооддоо халдвар тархаагүй байгаа энэ үед сонгуулийг зохион байгуулахад харьцангуй эрсдэл багатай гэж үзсэн. Нөгөө талаар Улсын онцгой комисс, СЕХ энэ үед хамтарч ажиллана. Нэр дэвшигчид иргэд, сонгогчидтой хэрхэн уулзах талаар тодорхой чиглэл ирэх байх. Юутай ч Улсын онцгой комиссоос өгсөн заавар зөвлөмжийн дагуу бие дааж нэр дэвшигчид айл өрх бүрээр орохгүйгээр иргэдийн гарын үсгийг цуглуулах ажлыг зохион байгуулж дууссан. Бие дааж нэр дэвшигч нарын гарын үсэг цуглуулах үйл ажиллагаа боломжийн түвшинд болсон учраас цаашдаа сонгуулийн сурталчилгааны үеэр хэт олноор иргэдийг бөөгнүүлэхгүйгээр хурал цуглаан хийх, сурталчилгааны материалыг иргэдэд тараах талаар Улсын онцгой комиссоос зөвлөмж ирүүлэх байх. Мөн мэдээлэл харилцаа холбооны технологи өндөр хөгжсөн энэ цаг үед нэр дэвшигчид цахим орчныг ашиглах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа явуулах ажлыг түлхүү хийх байх гэж таамаглаж байна.

-Зөөврийн хайрцгаар санал авах ажиллагааг хэрхэн зохион байгуулах вэ?

-Зөөврийн хайрцгаар санал авах иргэдийг хуулинд нэрчилж зааж өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл, эмнэлэгт хэвтэж байгаа өвчтөн, гэртээ хэвтэж байгаа босох боломжгүй өвчтөн, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өндөр настан, шүүхийн шийдвэр гараагүй хэрнээ урьдчилан хорих байранд хоригдож байгаа иргэдийг бол зөөврийн хайрцгаар саналыг нь авах ёстой. Зөөврийн хайрцгаар саналыг нь авахдаа эмнэлэгт хэвтэж байгаа болон урьдчилан хоригдож байгаа иргэнд тухайн байгууллага нь хэсгийн хороодод албан бичгээр саналаа хүргүүлнэ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон өндөр настай иргэн, гэртээ хэвтэж байгаа босох боломжгүй иргэд багийн Засаг даргаасаа зөвлөмж авч хамаарах хэсгийн хороонд хүсэлтээ гаргах хэрэгтэй. 2020 оны 6-р сарын 23-ны өдөр хүсэлт ирүүлсэн иргэдийн саналыг зөөврийн хайрцгаар авах ажлыг зохион байгуулна.

-Санал хураах ажиллагаа орон нутгийн цагаар явах уу?

-Хуулийн дагуу 2020 оны 6-р сарын 24-ний өглөө 07.00 цагаас 22.00 цаг хүртэл санал авах ажиллагааг нэгэн зэрэг зохион байгуулна гээд заачихсан байгаа. Тэгэхээр бид орон нутгийн цагаар тооцож явах ёстой. Увс аймгийн 15-р тойргийн тухайд өглөө 06.00 цагаас оройн 21.00 цагийн хооронд санал авах ажиллагааг зохион байгуулна.

-Сонгогчдын ирц хүрэхгүй бол яах вэ?

-Нийт сонгогчдын 50+1 саналын тоогоор тухайн тойргийн сонгогчдын ирц бүрдсэнд тооцно. Сонгогчдын ирц бүрдэхгүй нөхцөл үүсвэл нэмэлт санал хураалтыг авна. Үүнд саналаа өгсөн иргэд хамрагдахгүй, харин нэрсийн жагсаалтад бүртгэлтэй хэрнээ саналаа өгөөгүй хүмүүс хамрагдана. Нэмэлт санал хураалт хийх талаар СЕХ тухайн үед нэмэлт шийдвэр гаргах байх.

-Сүүлчийн мөчийг танд үлдээе?

-УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг зохион байгуулахтай холбоотойгоор улс төрийн намууд, нэр дэвшигч нарт ажиллаж байгаа нийт ухуулга сурталчилгааны ажилтнууд улс төрийн намууд соёлтой байхыг хүсч байна. Янз бүрийн байдлаар хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулж нэр дэвшигчийн нэр хүндийг гутаасан, доромжилсон мэдээ мэдээллийг нийтэд тараахгүй байхыг хүсч байна. Хэрвээ ийм асуудал гарвал иргэнийг 5 сая төгрөгөөр, тухайн улс төрийн намыг 50 сая төгрөгөөр торгоно. Илтэд нэр хүндэд халдсан асуудал гарвал эрүүгийн хуулиар тухайн буруутай үйлдэл гаргасан нэр дэвшигчийн нэрийг татах хүртэл арга хэмжээ авдаг болсныг улс төрийн намууд болон түүний ажлын багт ажиллах гэж байгаа ухуулагч, дэмжигч нарт анхааруулж хэлэхийг хүсч байна.


-Танд баярлалаа.

Холбоотой мэдээ