Мосулын далан нурах аваас аймшигт сүйрэл дагуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2016-05-07 18:53:36

НҮБ. /TASS/. Иракийн Засгийн газар Мосул хотын далангийн усан сангийн нөөцлүүрт байгаа усны түвшинг багасгах шийдвэр гаргажээ. Энэ далан нурж тун магадгүй болсон учраас эрх баригчид тус улсын хойд бүс нутгийн оршин суугчдад хандан “аливаа болзошгүй аюул эрсдэлд бэлэн байх”-ыг уриалсан байна. 

“Засгийн газраас далангийн  усны түвшинг 307 метрт хүргэн бууруулах шийдвэр гаргалаа. Ард иргэдэд хандан сонор сэрэмжтэй байж, далангаас хол байхыг зөвлөсөн” гэж НҮБ-д суугаа Иракийн байнгын төлөөлөгч Али аль-Хаким мэдэгдлээ. 

Тэрбээр хэлэхдээ, Иракийн тал далангийн хаалтыг засварлах ажлыг Италийн “Треви Групп” гэдэг компаниар гүйцэтгүүлэхээр болж, гэрээ байгуулсныг мөн дурдсан байна.

Саддам Хусейний нэрэмжит гэгдэж байсан энэ далан 1986 онд ашиглалтад орсон бөгөөд 12,5 тэрбум шоо метр усны багтаамжтай аж. Хэрвээ энэ аварга том гидротехникийн байгууламж эвдрэн нурах аваас Иракийн нутгийн хойд хэсэг бүхэлдээ усанд автаж, асар олон хүний амь нас сүйднэ гэдгийг мэргэжилтнүүд анхааруулсаар байгаа юм. Тухайлбал, Мосул хотод гэхэд хэдхэн минутын дотор 500 мянган хүн амиа алдана гэсэн тооцоо бий.

Хэрвээ ийм аймшигт осол болсон тохиолдолд 6 сая амь амьжиргаанд шууд нөлөөлөх юм. Учир нь, далангаас хальсан асар их хэмжээний ус замдаа байгаа цахилгаан станцууд, хөдөө аж ахуйн эдэлбэр газрууд, орон сууцны барилгуудыг хаман сүйтгэж, тэр ч байтугай өмнө зүгт 400 км-ийн зайд орших нийслэл Багдад хотод хүрч магадгүй гэнэ.

2 сая хүн амтай Мосул хотыг “Лалын улс” хэмээх террорист байгууллага 2014 оны 6 дугаар сард эзлэн авч, одоог хүртэл хяналтдаа байлгасаар байгаа билээ. Гэхдээ террористууд хотын далан руу шууд халдан довтолж чадахгүй байгаагийн учир нь уг даланг эвслийн цэргийн хүчнийхэн хамгаалж байгаатай холбоотой. Одоогийн байдлаар, далангийн орчимд Италийн 1000 орчим цэрэг байрлаж, хамгаалалтдаа аваад байна.

Д.Нямтулга 

Холбоотой мэдээ