Европын холбоо болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төлөөлөгчид Хөвсгөл аймагт ажиллалаа

Монголын мэдээ | Нийгэм
ariunbold@montsame.mn
2020-05-25 18:43:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Траян Лауренцю Христеа, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын (НҮБ-ХХААБ) Суурин төлөөлөгч Винод Ахужа нар баг бүрэлдэхүүний хамт өнгөрсөн долоо хоногт Хөвсгөл аймагт ажиллалаа. Энэ үеэр орон нутгийн удирдлагатай уулзаж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж, хэрэгжиж буй төсөл хөтөлбөр ажилтай танилцжээ. 


Элчин сайд, Суурин төлөөлөгч болон Хөвсгөл аймгийн Засаг дарга Ганболд нар эдийн засгийг төрөлжүүлэх, тэр дундаа орон нутгийн давуу талыг түшиглэсэн буюу мод, модон бүтээгдэхүүн, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлд нэмүү өртгийн тогтвортой сүлжээ бий болгох, хөгжүүлэх замаар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ногоон эдийн засаг зэрэг сэдвүүдээр санал солилцлоо. Уулзалтын үеэр орон нутгийн удирдлагууд ЕХ болон НҮБ-ХХААБ-ын төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд орон нутагт үр дүнгээ өгч байгаа талаар онцолсон юм. 


Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Траян Лауренцю Христеа уулзалтын үеэр “Нэмүү өртгийн тогтвортой сүлжээнд суурилсан зохистой хөдөлмөр эрхлэлтийг бий болгох замаар орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд дэмжлэг үзүүлэх боломжтой юм. Иймд Европын Холбоо НҮБ-ын ХХААБ-тай хамтран Хөвсгөл аймагт нийгмийн оролцоотой хөгжлийг дэмжин ажиллаж байна.” гэв.



Европын Холбооны санхүүжилтээр НҮБ-ын ХХААБ-ын хэрэгжүүлж буй SECiM буюу Монгол Улсад Ажлын Байр Нэмэгдүүлэх нь: Хувийн хэвшлийн оролцоотойгоор мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний ногооны үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх төсөл (4.45сая евро буюу 13.5 тэрбум төгрөгийн санхүүжилттэй) нь 2016 оноос Хөвсгөл аймагт хэрэгжиж байна.



Төслийн зүгээс 2019 онд нийт 331 орчим сая төгрөгийн дэмжлэгийг үзүүлээд байна. Хийж буй ажлуудаас дурдахад, орон нутагт IQF буюу түргэн гүн хөлдөөх технологийг нэвтрүүлж байна. Энэхүү технологи нь хүнсийг ширхэг бүрээр хурдан хугацаанд гүн хөлдөөх бөгөөд, ингэснээр тухайн хүнсний бүтээгдэхүүн нь амт, үнэр, хэлбэр дүрс, шим тэжээлээ хадгалж үлдэх, бүхлээр биш ширхэг тус бүрээр салангид хөлдөөдөг тул олон дахин гэсгээхгүйгээр хэрэгцээт хэмжээгээр салгаж хэрэглэхэд хялбар, удаан хадгалах зэрэг давуу талтай. Хүнсний ногоо, жимс жимсгэнийг энэхүү технологиор хөлдөөснөөр жилийн туршид орон нутгийн ард иргэдийг шим тэжээл бүхий зохих горимын дагуу хадгалсан хүнсээр хангах боломжтой болох юм. Үүнээс гадна төслийн хугацаанд сүү, мах, ногооны чиглэлд технологи, үйлдвэрлэлийн стандартын арга зүй, Хөдөө аж ахуй зохистой дадлыг эзэмшүүлэх зэрэг олон сургалтыг шат дараатай зохион байгуулж байна. Энэхүү төсөл нь Дархан-Уул, Сэлэнгэ, Ховд, Төв, Дорнод аймгуудад мөн хэрэгжиж байна. 


“ЕХ-ны дэмжлэгтэй хэрэгжиж буй төслүүдийн хувьд төр, хувийн хэвшлийн түншлэл, технологийн шинэчлэл, ЖДҮ эрхлэгчдийн чадавхыг бэхжүүлэх, аливаа эрсдэлийг бууруулах зэрэг үндсэн зарчим, зорилгын хүрээнд хэрэгждэг. Эдгээрт суурилсан төслийн үр дүнд урт хугацаандаа зохистой, тогтвортой ажлын байр бий болох юм. Аймгийн удирдлагын дэмжлэгтэйгээр төслүүд маань үр дүнтэй хэрэгжиж байгаатай танилцахад таатай байна.” гэж НҮБ-ын ХХААБ-ын Суурин төлөөлөгч ноён Винод Ахужа онцоллоо.



НҮБ-ын ХХААБ нь байгалийн нөөцийн тэгш, зохистой менежментийн чиглэлийн хүрээнд 2014 оноос Хөвсгөл аймагт “Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлын хамгаалал, ойн тогтвортой менежмент, нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх төсөл”- ийг хэрэгжүүлж байна. Мөн “Зудын эрсдэл өндөртэй бүс нутгийн зорилтот бүлгийн малчин өрхийн амьжиргааны эх үүсвэрийг хамгаалах нь” төслийн хүрээнд өвөлжилт хүндэрсэн 7 сумдад улсын аюулгүйн нөөцөөс хуваарилан олгосон өвс, тэжээлийг тухайн сумдын бүх малчин өрхийн хотонд тээвэрлэн хүргэх зардлыг олгож  дэмжин ажиллалаа. 



ЕХ-оос санхүүжиж буй “Монголын худалдааг дэмжих төсөл” /EU-TRAM/-Европын Сэргээн босголт хөгжлийн банкны (EBRD) хэрэгжүүлж буй Жижиг, дунд бизнесийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар Монгол Улсын эдийн засгийн төрөлжихийг дэмжих төслийн үйл ажиллагаатай танилцсан юм. 

Холбоотой мэдээ