Налайхын барилгын үйлдвэрлэл, технологийн паркийн 4.7 км замыг ирэх сард хүлээлгэн өгнө

Монголын мэдээ | Нийгэм
bolor@montsame.mn
2020-05-23 16:26:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Налайх дүүрэгт ажиллах үеэрээ барилгын материалын үйлдвэрлэл технологийн паркийн ажлыг эрчимжүүлэх, цэвэрлэх байгууламж байгуулах асуудлаар Азийн хөгжлийн банкны хот төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн Арнауд Хэкманн, “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн зохицуулагч Д.Авирмэд болон албаны хүмүүстэй санал солилцлоо.

Мөн тус паркийн чиглэлд тавьж буй хүнд даацын автомашин зорчих замын ажлын гүйцэтгэлийг шалгав. Өмнө нь тэрбээр энд ирж ажиллахдаа чанарын шаардлага хангахгүй брожур тавьсан байсныг сольж, чанар стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнээр хийхийг үүрэг болгосон юм.  

Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр Улаанбаатар-Чойрын замаас Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк хүртэл нийт 4.67 км авто зам тавихаар болж, гүйцэтгэгч компаниуд 2018 онд ажлаа эхлэсэн. Өнөөдрийн байдлаар авто замын үндсэн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, явган хүний зам, хөвөө, тоноглолын ажлыг хийж байна.

Уг зам нь 40 метр өргөн, хоёр урсгал, дөрвөн эгнээтэй, явган хүний зам болон ногоон зурвастай бөгөөд зургаадугаар сарын 10 гэхэд хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ. 


Холбоотой мэдээ