Сургууль орчмын замуудад хурд сааруулагч байршуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-05-06 22:41:48

Ерөнхий боловсролын сургуулиудын зэргэлдээх автозамд хурд сааруулагч байршууллаа. Үүнд “Дэлхийн зөн” Олон улсын байгууллага хөрөнгө оруулалт хийжээ.

Хичээлээ тараад гарцаар зам хөндлөн гарч явсан сурагч охиныг согтуу жолооч машинаараа дайрч, амь насыг нь хөнөөсөн хэрэг өнгөрөгч хоёрдугаар сард гарсан. Аймгийн төв доторхи замд хүүхэд машинд мөргүүлсэн хэд хэдэн тохиолдол гарч байсан бөгөөд амь насаа алдсан анхны тохиолдол энэ болсон юм. Эл хэрэг хот доторх замын хурд сааруулагчтай холбоотой яриаг олон нийтийн дунд хүчтэй үүсгэсэн бөгөөд өдийг хүртэл холбогдох төрийн байгууллагуудын анхаарал хандуулаагүй ирсэн энэ асуудлыг ийнхүү олон улсын байгууллага шийджээ.

Хурд сааруулагчийг “Эрдмийн далай”, “Хүмүүнлэг” сургуулийн дэргэдэх зам дээр явган хүний гарцын хоёр талд стандарт хангасан зайд байршуулсан байна. Нийт 29 метр хурд сааруулагч байршуулж, нэг метр тутамд 65 мянган төгрөгийн санхүүжилт тус байгууллагаас гаргажээ.

Т. Отгонтуяа

 

Холбоотой мэдээ