Анхны онлайн барилдааны хандивыг ХӨСҮТ-д гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-05-22 13:57:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цар тахлын голомтод ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор  Монголын Үндэсний бөхийн холбоо болон Хамаг Монгол студи хамтран энэ оны анхны томоохон халз барилдааныг  тавдугаар сарын 3-ны өдөр Монголд анх удаа үзэгчгүй онлайнаар зохион байгуулсан.


Өнөөдөр /2020.05.22/ Үндэсний бөхийн харцага, начин цолтнуудын халз барилдааны орлого болох 5 сая төгрөгийг бөх тайлбарлагч А.Ганболд, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй тэргүүтэй бөхчүүд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүд гардууллаа.


ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: “Манай ид барилдаж байгаа бөхчүүд санаачлаад барилдаан зохион байгуулж, 5 сая төгрөгийг ХӨСҮТ-д хандивлалаа. Энэ үнэхээр бидэнд сэтгэлийн урам өгсөн, цаашдаа улам хичээнгүй ажиллахыг сануулсан хэрэг боллоо. Манай ХӨСҮТ-ийн бүхий л хамт олон чармайн зүтгэж байгаа. Коронавирусээс гадна олон халдвар дэгдэж байна. Хүчит бөхчүүдийн хандивыг авсан бид хүчтэй байж, ядрахгүй” гэлээ.


Бөх тайлбарлагч А.Ганболд: “Монгол бөхчүүд бол Монголын ард түмний соёлын өвийг тээгчид гэж үздэг. Хэдийгээр бөхчүүдтэй “Та нар барилдах ёстой” гэж цаасан дээр гэрээ байгуулаагүй ч гэсэн бөхчүүд маань барилдаж ард түмнээ цэнгүүлэх хэрэгтэй гэж үзсэн хэрэг. Энэ хорио, цээрийн үед нэгдүгээрт бөхөд хайртай ард түмэндээ барилдаан үзүүлэх, хоёрдугаарт барилдаанаас олсон орлогоо цар тахлын үед ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилчид, ХӨСҮТ-ийн хамт олонд хандив өгөх зорилготойгоор барилдаан зохион байгуулсан. Мөн удахгүй үндэсний их баяр наадам болох гэж байгаа учир тулгар төрийн их баяр наадмыг тасалдуулалгүй, наадмын талбайд үзэгчгүйгээр, зөвхөн бөхчүүдээсээ шинжилгээ аваад зохион байгуулах боломжтой гэдгийг харуулахыг зорьсон. Барилдаан ч сайхан болж, ийнхүү ХӨСҮТ-ийн хамт олондоо амжилт ерөөж хандиваа гардууллаа.


Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй: Саяхан зохион байгуулсан харцага, начин цолтнуудын халз барилдааныг УОК-ын заавраар явуулсан. Энэ барилдаанаас цугларсан орлогоо ХӨСҮТ-д хандивлав. Бид бүхний эрүүл мэндийн энхийн манаанд зогсож буй эмч, эмнэлгийн ажилчиддаа баярласан талархсанаа илэрхийлж байна.

Холбоотой мэдээ