Бизнесийн төлөөллийн байгууллагууд санамж бичиг байгууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-05-21 14:27:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол хүний бодит орлогыг дунд хугацаанд одоогийнхоос 2 дахин нэмэгдүүлэх боломжтой гэж судалгаа-шинжилгээний "Монголоо шинэчилье" клубээс үзжээ. Тус клубынхан энэ талаар бизнес эрхлэгчдийн төлөөлллийн байгууллагууд болох МҮХАҮТ, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоотой хамтран "Дэлхийн дундаж орлоготой Монгол хүн" үндэсний санаачилга гарган хэрэгжүүлэх гэж буйгаа өнөөдөр МҮХАҮТ-д болсон уулзалт дээр мэдэгдлээ. 

"Дэлхийн дундаж орлоготой Монгол хүн" үндэсний санаачилгын хүрээнд дээрх ТББ-ууд Санамж бичиг байгууллаа. Ингэснээр бизнесийн төлөөллийн байгууллагууд эдийн засгийг эрчимжүүлж, Монгол Улсын экспортыг нэмэгдүүлэх болон импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, Монгол хүний бодит орлогыг дунд хугацаанд 2 дахин өсгөж, дэлхийн дундаж түвшинд хүргэх чиглэлээр бодлогын болон ажил хэргийн байдлаар хамтарч ажиллахаар болов.



“Дэлхийн дундаж орлоготой Монгол хүн” үндэсний санаачилга нь дунд хугацаанд одоо 13.7 тэрбум ам.доллар байгаа ДНБ-нийг 40 тэрбум ам.долларт хүргэх, нэг хүнд ногдох ДНБ-ийн одоогийн байгаа 4200 ам.долларын хэмжээг 10 мянган ам.доллар болгох, дундаж цалинг /1000 ам.долларт тус тус хүргэх зорилготойг "Монголоо шинэчилье" клубын тэргүүн Д.Ганхуяг хэлж, "Монгол Улсын хөгжлийг тоон зорилготой болгож байгаа нь өөрөө онцлог" гэдгийг тодотгов. 

Дээрх зорилго, зорилтыг сүүлийн 2 жилд дүгнэн гаргажээ. Тодруулбал, манай улсын сүүлийн 10 жилийн улс төр, нийгэм, эдийн засгийн байдалд судалгаа, шинжилгээ хийж дүгнэлт гаргажээ. 

МҮХАТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин хэлэхдээ, өнгөрсөн хугацаанд бид хийсэн судалгаагаараа эдийн засгийн моделиудаа гаргасан. Хамгийн чухал нь ДНБ-нээ тэлэх тухай юм. Ингэхгүйгээр бид нийгмийн асуудлаа шийдэх, иргэдээ орлоготой байлгах орон зай харагдахгүй. Ялангуяа хувийн хэвшлийн ил тод манлайлалд суурилсан цаг үеийг сонгох хэрэгтэй. Төр бизнесийн орчинд зөв үлгэр дуурайл үзүүлэхийн оронд хамтарч, өрсөлдөх гэдгээ орхимоор байна. Харин худалдааг дэмжих шаардлагатай байна” гэсэн юм. 

"Дэлхийн дундаж орлоготой Монгол хүн" үндэсний санаачилга гаргаж буй "Монголоо шинэчилье" клуб нь "Бүтээлч Монгол хүнээ дэмжье" зорилгоор анх 2014 онд байгуулагджээ. Клубыг дипломатч, Элчин сайд Р.Жигжид, УИХ-ын гишүүн асан, "Бриж" группийн үүсгэн байгуулагч Д.Ганхуяг, мөн УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Ж.Батзандан, УИХ-ын гишүүн агсан Д.Арвин, инженер судлаач Ч.Түмэнбаяр, С.Болдбаатар, эдийн засагч-судлаач Ч.Отгочулуу, Н.Энхбаяр, бизнесийн удирдлагын судлаач Б.Жавхлан нар байгуулжээ. 

Тус клуб нь хөгжлийн бодлого, улстөр, эдийн засаг, хүний эрх, эрхзүйн чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг ТББ аж. 


Гэрэл зургийг Н.Батбаяр


Холбоотой мэдээ