Нүхэн жорлон, муу усны нүхэнд ариутгал халдваргүйжүүлэлт хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-05-21 13:19:08

Увс /МОНЦАМЭ/. Урин дулаан цаг ирж буйтай холбогдуулан жил бүрийн 5-р сард ялаа шавж үржихээс урьдчилан сэргийлэх зорилгоор ариутгал халдваргүйтгэлийн ажлыг Улаангом сумын гэр хорооллын дунд зохион байгуулдаг.

Энэ жилийн хувьд "COVID-19"-ийн нөхцөл байдалтай холбоотойгоор үнэ төлбөргүйгээр өнгөрсөн 7 хоногт хийж дуусгажээ. Тодруулбал, Улаангом сумын гэр хорооллын оршин суугчдын 4400 нүхэн жорлон, хогийн цэг, муу усны нүхийг ариутгаж халдваргүйжүүлэх ажлыг Өрхийн эрүүл мэндийн төвийн болон сургууль, цэцэрлэгийн эмч нарын хамтарсан баг хийсэн байна.

“Дэлхий дахинд тархаад байгаа коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах бас нэг арга бол ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил. Ялангуяа, урин дулааны улиралд гэр хорооллын айл өрхүүдийн хувьд нүхэн жорлон, муу усны нүх, хогийн цэг асуудал дагуулдаг. Иймээс Улаангом сумын ЗДТГ-аас ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг хийлээ” хэмээн Улаангом сумын Засаг дарга Ц.Пүрэвжав хэллээ.

Холбоотой мэдээ