М.Баянсан агсны эдэлж хэрэглэж байсан эд зүйлс аймгийн музейд хадгалагдана

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-05-20 09:50:05
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын хүний гавьяат эмч Мандиагийн Баянсангийн гэр бүл, үр хүүхдүүд түүний эдэлж хэрэглэж байсан эд зүйлс, намтар, зураг, гар бичмэл, бичиж хэвлүүлсэн ном зэрэг баримт, материалыг Дундговь аймгийн музейд хүлээлгэн өглөө.

Тэрээр 1954 онд Ховд аймагт төрж, улмаар хүүхэд ахуй насандаа Дундговь аймагт шилжин ирсэн ба 1972 онд тус аймгийн 10 жилийн сургуулийг төгсөн АУДС-д элсэн суралцжээ.

1978 онд сургуулиа төгссөн шинэхэн эмч Цагаандэлгэр сумаас ажил, амьдралын гараагаа эхэлж, тус сумын ЭМТ-ийн их эмч, салбарын эрхлэгчээр зургаан жил ажиллаж, дараа нь аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн эмч, тасгийн эрхлэгч, НЭ-ийн дарга, Сайнцагаан сумын Засаг даргаар тус тус ажиллаж байсан юм.

Мөн “Мөнхдэлгэр” хувийн эмнэлэг байгуулж, одоо ч түүний үлдээсэн сүүн цагаан мөр Дундговь аймгийн ард иргэдийг эмчилж, эдгэрүүлэхэд үр өгөөжөө өгсөөр байна. 

Тэрээр 2015 онд хөдөлмөр, зүтгэлээ төр засагтаа үнэлүүлж, Монгол Улсын хүний гавьяат эмч хэмээх алдар цолыг хүртсэн бөгөөд эгэл жирийн эмчээс сумын Засаг дарга, гавьяат эмч болтлоо энэ л аймагт ажиллаж амьдрахдаа нутгийн хүн ардтай сэтгэл зүрхээрээ ижилдэн дотносч, хайр хүндэтгэлийг нь хүлээж явсан эмч хүн юм. 

Мандиагийн Баянсангийн ажил амьдралын гараагаа эхлүүлсэн Цагаандэлгэр сумын эрүүл мэндийн төвийг аймгийн ИТХ-ын шийдвэрээр 2018 онд түүний нэрэмжит болгожээ. 

Холбоотой мэдээ