“Moderna” компанийн вакцин нааштай үр дүн үзүүлжээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
khulan@montsame.gov.mn
2020-05-19 10:36:51

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын биотехнологийн “Moderna” компани, Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн мэргэжилтнүүдийн хамтран гарган авсан коронавирусний вакциныг тариулсан сайн дурын хүмүүст нааштай үр дүн ажиглагджээ.


Moderna'” компанийн ахлах мэргэжилтэн, доктор Таль Заксын “CNN” сувагт мэдээлснээр, дараагийн судалгаанууд амжилттай болбол ирэх оны нэгдүгээр сараас олон нийтийг вакцинд хамруулах боломжтой болох ажээ. Эмнэлзүйн туршилтын эхний үе шатанд цөөн хүнийг хамруулж, вакцины аюулгүй эсэх хийгээд дархлааны хариу урвал үзүүлэх эсэхийг тогтоодог юм.


Массачусетс муж улсын Кембриж хотод төвтэй “Moderna” компани нь шинэ коронавирусний вакциныг хүний биед хийх эмнэлзүйн туршилт явуулж буй дэлхийн найман байгууллагын нэг юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, ийм туршилтыг АНУ-ын “Pfizer”, “Inovio” компани, Их Британийн Оксфордын их сургууль, Хятадын дөрвөн хүрээлэнд явуулж байгаа ажээ.



“Бид туршилтад оролцож буй олон арван хүнийг вакцинжуулж, наймынх нь эсрэг биетийг хэмжсэн. Найман хүний саармагжуулах эсрэг биетүүд халдвар аваад эдгэрсэн хүмүүсийнхтэй ижил юм уу илүү хэмжээнд хүрсэн” гэж “Moderna” компани мэдээлжээ. Саармагжуулах эсрэг биетүүд нь вирусийг “хүлж”, эснүүдэд халдах чадваргүй болгох ажээ.


Moderna” компанийн туршилтын үр дүн “гайхалтай” байна гэж уг туршилтад оролцоогүй вакцины мэргэжилтэн ярьжээ. “Эсрэг биет вакциныг хүлээд зогсохгүй эсүүдэд халдварлахаас урьдчилан сэргийлж чадсан” гэж Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн доктор Пол Оффит мэдээлжээ.


Хэдийгээр вакцин лабораторид нааштай үр дүн үзүүлсэн боловч гадаад орчинд хүмүүсийг хамгаална гэдэг нь хараахан тодорхойгүй байгаа юм. “Moderna” компани олон зуун хүнийг оролцуулдаг хоёрдугаар үе шатны туршилтыг эхлүүлнэ гэж АНУ-ын Хүнс, эмийн хяналтын удирдлагын газар мэдээлжээ. Түүнчлэн гуравдугаар үе шатны туршилт долдугаар сард эхлэх төлөвтэй байна. Ийм туршилтад олон арван мянган хүнийг хамруулдаг ажээ. 

Холбоотой мэдээ