Д.БАЯНМӨНХ: ТҮҮХИЙН ГЭРЧ БОЛСОН ДУРСГАЛТ ГАЗРАА ОЛУУЛАА НЭГДЭЖ БАЙЖ ХАМГААЛЖ ЧАДНА

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2020-05-15 19:41:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 


Монголын үүх түүх, ард түмний ой санамжийн чухал хэсгийг оршоон үлдэж, түүхийн гэрч болсон соёлын өвийн дурсгалт газар, урлагийн бүтээлүүдэд олон эрсдэл тохиолддог. Жишээ нь урлагийн үнэт өвийн тухай У.Бямбаням сэтгүүлчийн “Урлаг оршуулах газар” хэмээх жинтэй нийтлэл гарч уншигчдийн хүртээл болж байсан. Өдгөө хүн амын нягтаршил, хотын байшин барилгын буруу төлөвлөлтийн дунд өнгөрсөн зууны түүхээ өмсгөлдөө зүүж хоцорсон ганц газар бол Чойжин ламын сүм музей. Тийм ч учраас МУЗ, М Си Эс группийн “Өв эрдэнэ” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд музейг сэргээн засварлах үйл ажиллагааг өнгөрсөн оноос авахуулан хийж эхлээд байна. Мөнхүү “World Monuments Watch” хөтөлбөрт багтаж “Дэлхийн хөшөө дурсгалын сан”-тай хамтран ажиллахаар болсон билээ. Ийнхүү удахгүй тохиох дэлхийн музейн өдрийг угтан энэ сарын 17-нд “Watch Day” хөтөлбөрийг зохион явуулахаар болсон байна. Энэ талаар МУЗ-ийн Соёлын өвийн хөтөлбөрийн захирал Д.Баянмөнхтэй уулзаж ярилцлаа.


-Энэ онд Чойжин ламын сүм музейг олон улсын “World Monuments Watch” хөтөлбөрт хамруулж сэргээн засварлах шаардлагатай дэлхийн 25 дурсгалт газрын нэгээр тодруулсан. Ямар, ямар шалгуурыг давснаар олон улсын экспертүүдийн дэмжсэн саналыг авч чадсан бэ?


-Монголын урлагийн зөвлөл нь өнгөрсөн онд М Си Эс группийн санхүүжилттэй “Өв эрдэнэ” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд “Хадгалалт хамгаалалтын менежментийн төлөвлөгөө боловсруулах” төслийн арга хэмжээг зохион зохион байгуулсан. Үүний хүрээнд Чойжин ламын сүм музейд нөлөөллийн судалгаа хийлгэх зорилготойгоор АНУ-ын дурсгалт уран барилгын мэргэжилтнийг монголд урьж авчирсан юм. Энэ үед сүм музейн байгууламж нь олон өндөр байшингаар хүрээлэгдсэн төдийгүй хот төлөвлөлттэй огтоос уялдаж өгөөгүй, барилга нь засварлаагүй он удаан жил болсон зэргээс өгсүүлээд нийгмийн нөлөөллийн эрсдэл тун их байна гэж дүгнэсэн. Тэгээд бидэнд хандаж АНУ-д байдаг “Дэлхийн хөшөө дурсгалын сан” хэмээх байгууллагад төсөл бичиж өгөхийг зөвлөмж болгосон. Тухайн байгууллагад эрсдэлд ороод буй үндэсний өв соёлын дурсгалт газрынхаа тухай төслийг бичиж явуулбал дэлхийн нийгмийн нөлөөллийн эрсдэлд ороод буй 25 онцлох дурсгалт газрын нэгээр шалгардаг юм билээ. Мөнхүү 25 дурсгалт газрын нэгээр сонгогдож чадвал “World Monuments Watch” хөтөлбөрт хамрагдахаас гадна олон улсын мэргэжилтнүүдийг монголд авчирч ажиллуулах, сургалт зохион байгуулж, зөвлөгөө авахаас өгсүүлээд Чойжин ламын сүм музейг сэргээн засварлах олон улсын сангийн хөрөнгө оруулалтыг татах боломж нээлттэй болно гэсэн үг. “World Monuments Watch” хөтөлбөр 1996 оноос хэрэгжиж эхэлснээсээ хойш Дэлхийн хөшөө дурсгалын сангаас 110 сая ам доллар, бусад ивээн тэтгэгчдээс 300 сая ам долларыг нийт 135 орны 836 түүх соёлын дурсгалт газруудын төсөлд зарцуулсан байдаг Бид мэргэжилтнийхээ зөвлөмжийг хүлээн авч, ажил хэрэг болгон хэрэгжүүлэхээр зорьсон. Тиймдээ ч 2019 оны зургаадугаар сард аппликейшн, төслөө явуулсан. Ингээд Чойжин ламын сүм музей маань эрсдэл учраад буй дэлхийн 25 дурсгалт газрын нэгээр сонгогдсон юм.


-Тэрхүү 25 дурсгалд ямар томоохон газрууд багтсан байдаг вэ?


-Бидний сайн мэдэх Парисын дарь эхийн сүм, АНУ-ын байгалийн дурсгалт хоёр газар, Перу улсын Инкачуудын ариун хөндий, Чили улсын үндэсний парк зэрэг томоохон газрууд багтсан байдаг. Чойжин ламын сүм музей нь хотжилт, хэт төвлөрөл, бодлогогүй төлөвлөлт, хөрөнгө санхүүгийн гачигдлаас болж эрсдэлд орсон түүх соёлын дурсгалт газрын нэгээр сонгогдож дэлхий нийтийн анхаарлын төвд орж, олон улсын тусламж хандив, соёлын өвийн сэргээн засварлалтын мэргэжилтнүүдээс техникийн туслалцаа авах боломж бүрдсэн.


-“Дэлхийн хөшөө дурсгалын сан”-тай хэдэн жилийн хугацаанд хамтран ажиллах вэ?


-Монголын урлагийн зөвлөл нь дээрх сантай хоёр жилийн хугацаанд хамтран ажиллана. Энэ хугацаанд музейг засварлахад зориулж олон улсын сангаас хөрөнгө татах, олон улсын сэргээн засварлагч мэргэжилтнүүдийг Монголд авчрах, сургалт зохион байгуулах, тэднээс туршлага судлах зэрэг ажлууд хийгдэнэ.  


-Олон улсын хөрөнгө тусламжууд авч эхэлсэн үү, одоогоор яг ямар үйл ажиллагаа явуулж байгаа талаараа ярихгүй юу?


-“Дэлхийн хөшөө дурсгалын сан” нь “World Monuments Watch” хөтөлбөрийн хүрээнд зарцуулагдах сая гаруй америк долларыг хэдийн олчихсон. Харин үүнийгээ 25 дурсгалт газарт хэрхэн хуваарлих вэ гэдэг дээр анхаарал хандуулан ажиллаж байна.


-Тухайн нэг дурсгалт газар оноосон мөнгөний хэмжээ гэж байдаггүй юм уу?


-Мөнгөний хувьд яг таг оноолт хийх нь хэцүү. Учир нь тухайн газруудын алийг нь сэргээн засварлах, алинд нь боловсролын шат бүрийн хөтөлбөр олгох уу, ямарыг нь нийтэд сурталчлан таниулах ажил хийх вэ гэдэг сонгон шалгаруулах проццес явагдаж байж дараа нь мөнгөний асуудал шийдэгдэнэ. Одоогийн байдлаар тэдний зүгээс хамгийн эхний ээлжинд Чойжин ламын сүм музейг олон улсад сурталчлах, дотоодын иргэдийг сүм хийд, соёлын өвөө хамгаалах ажилд татан оролцуулах өдөрлөгийг зохион байгуулах ёстой гэх шаардлага тавьсан.


-Тэгвэл биелүүлэлтийн ажил ямар шатанд явж байна даа?


-Бид энэ сарын 18-нд болдог олон улсын музейн өдрийг угтаж 17-нд “Watch Day” цахим хөтөлбөрийг зохион байгуулахаар болсон.  




-Watch day хөтөлбөрийн гол зорилго юу вэ, илүү дэлгэрэнгүй ярьж болох уу?


-Тэгэлгүй яахав. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь Чойжин ламын сүм музейг цахим орчинд сурталчилж, соёлын өвийг хамгаалахад олон нийт хэрхэн сэтгэл зүрхээ зориулж, хамтран ажиллаж чадаж байна вэ гэдгийг гадны улс оронд таниулах зорилготой. Тиймээс өдөрлөгөөрөө дамжуулаад цахим сургалтууд зохион байгуулна.


Мөнхүү сүм хийдийн барилга архитектур сэдэвт онлайн тайлбарт аялал явуулна. Үүнд  сүм хийдийг хэрхэн урлаж, бүтээсэн талаарх монголын уламжлалт арга технологийн мэдлэг олгохоос гадна сүм хийдийн онцлог, түүнд урлагийн ямар нарийн ур ухаан шингээж бүтээсэн бэ гэдгийг мэргэжлийн архитектурч хүн тайлбарлаж хүргэнэ. Басхүү музейн сан хөмрөгөө сурталчлах зорилгоор цаасан шуумлаар цамын маск урлах цахим сургалтыг зохион явуулна. Дээр нь нэлээдгүй онцлогтой нэг үзэсгэлэнг үзэгчдэдээ хүргэнэ.


-Виртуал үзэсгэлэн үү?


-Тиймээ. Чойжин ламын сүмд байсан ч хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд устаж үгүй болсон чулуун дурсгал, сүмийн барилгыг виртуал орчинд сэргээн босгосон AR үзмэрийн нээлт болох юм. Ер нь бол энэхүү хөтөлбөрөөр дамжуулан 112 жилийн түүхтэй сүмийн барилгыг сэргээн засварлах, музейн үзэгчдэд тав тухтай орчныг бүрдүүлж, соёлын өвөө хамгаалах их үйлсэд хувь нэмрээ оруулаасай хэмээн хүн бүрийг уриалж байгаа юм.


-Хөтөлбөр зарцуулагдах хөрөнгийг хаанаас бий болгосон бэ?


-Чойжин ламын сүм музейн засварлалт, тохижилтийн ажилд М Си Эс группийн “Өв эрдэнэ” тэтгэлэгийн хүрээнд нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж байгаа. Үүнээс өнгөрсөн жил хэрмэн хашаан доторх ногоон байгууламж, явган хүний чулуун зам, гэрэлтүүлэг зэрэгт 360 сая орчим хөрөнгө оруулалтын ажил хийгдсэн. Харин энэ онд талбайн урд талын улаан шороогоороо байгаа хэсэгт 650 сая төгрөгийн тохижилтийн ажил хийж байна. “Watch day” өдөрлөгийн хүрээнд музейн урд талбайд 888 мод тарих үйл ажиллагаа болно.


-“COVID-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор гаргасан шийдвэр одоо ч хүчинтэй байгаа. Олон хүн нэг дор бөөгнөрөх нь эрсдэл дагуулсан алхам болох энэ үед мод тарих үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах вэ?


-Үүнийг бид сайн ухамсарлаж байгаа. Тиймээс ч олон хүн цуглуулахгүй буюу нэг цагт 10 хүнээр мод тариулна. Бүх хүн масктай байхаас гадна хоорондоо 20 метрийн зайтайгаар тавьсан шаардлагыг биелүүлж ажиллана. Нийтдээ 300 метр зурвас газарт модоо тарихаар төлөвлөсөн. Үүгээрээ дамжуулан бид гадны улс оронд монголчууд соёлын өвөө хамгаалахад хувь нэмрээ хэрхэн оруулж байгааг сурталчлан таниулна. Мөн хөрөнгө оруулагчдыг татах зорилготой.


-Цаасан шуумлаар цамын маск урлах сургалт зөвхөн өдөрлөгийн хүрээнд нэг л өдөр болох уу, эсвэл цаашид цуврал сургалт болгож илүү олон үзэгчдэд хүргэх үү?


-“Watch Day” өдөрлөгийн хүрээнд бид мөн л коронавирусны тархалттай холбоотойгоор арваад тооны хүнийг тус сургалтанд хамруулсан. Үүнийгээ видео хэлбэрт оруулж олон нийтэд цахимаар хүргэнэ. Хүмүүс өөрсдөө хэдийгээр гараар хийж чадахгүй ч гэсэн хийдэг арга технологийг нь мэдэж авах, монголын цаасан шуумалын урлагийн сан хөмрөгтэй танилцах боломжтой.


-Сургалтанд хамрагдах арван хүнийг өөрсдийнхөө шалгуураар сонгож авах уу?


-Тиймээ, өөрсдийн шалгуураар сонгосон.


-Дотор орчинд арван хүн зэрэгцэн сууж бүтээл хийхэд бас л эрсдэлтэй биш үү?


-Нээрэн хөтөлбөрийн бүхий л үйл ажиллагаа гадаа талбайд болж байгааг онцолж хэлмээр байна. Музей маань өөрөө их сайхан том талбайтай шүү дээ.


-Яг одоогоор Чойжин ламын сүм музейн үзмэрүүд хадгалалтын ямар горимд байна вэ?


-Чойжин ламын сүм музей бол төрийн сахиус буудаг гэдгээрээ онцлогтой Чойжин лам Лувсанхайдавын амьдарч байсан өргөө. Гандантэгчилэн хийд шиг олон лам нар цуглаж ном хурдаг газар байгаагүй. Тиймээс сүмийн барилга нь музейн барилгын зориулалттай бус, яг хуучин хэвээрээ хадгалагдаж ирсэн. Ийм учраас ихэнх үзмэрүүдийнхээ наагуур хаалт хийж, шилэн хоргонд байрлуулсан байдаг. Энэ нь орчин үеийн музейн стандарттай нийцэхгүй. Дээр нь дулаан буюу халаалтгүй учраас темпратурын хэт хөрөлт, хэт халалт байнга явагддаг. Энэ хэлбэлзлээс болж цаасан зургууд чийгшилд өртөх, будаг нь ховхорч унах зэрэг эрсдэл өндөр бий.


Гэхдээ түүх соёлын дурсгалт газарыг яг хуучин хэвээр нь хадгалж үлдэх ёстой. Тэгж байж соёлын өв болон үлдэж чадна. Тиймээс орчин үеийн музейн шаардлагад нийцүүлнэ гэх шалтгаанаар барилгын хэлбэрийг өөрчилж болохгүй. Гол нь үзмэрүүдээ хамгаалахын тулд хадгалалтын орчин үеийн стандартыг баримтлах нь чухал байна. Музейн тодорхой бүтцэд нь өөрчлөлт оруулахгүйгээр, аль болох уламжлалт хэлбэрийг нь хадгалж сэргээн засварлах хэрэгтэй.


-Өв соёлоо хамгаалах ажлыг зохион байгуулахад ямар бэрхшээл тулгардаг вэ?


-Соёлын өв нь дотроо биет болон биет бус өв гэж хоёр хуваагддаг. Биет бус өвийн төсөл хийхэд бидэнд ямар нэг саад бэрхшээл байхгүй. Биет бус өвийг аливаа нэг уран бүтээлч тээж явдаг учраас, тухайн хүнтэй нь хамтраад үйл ажиллагаагаа явуулдаг. Харин биет өвийн төсөл дээр бол олон асуудал гарч ирнэ. Ер нь бол соёлын өвийн хуулиар бол тухайн өвийн дурсгалыг сэргээн засварлах болон эдийн засгийн эргэлтэнд оруулахад заавал яамнаас зөвшөөрөл авдаг. Жишээ нь Чойжин ламын сүм музейн нэг бурхныг виртуал хэлбэрт оруулж олон улсад сурталчилхаар зорилоо гэхэд яамнаас зөвшөөрөл авна гэсэн үг. Тиймээс бид эхлээд төслөө бичнэ. Хоёрдугаарт санхүүжилтийн асуудал шийдэгдчихлээ гэхэд сэргээн засварлалт хийх компани нь яамны зөвшөөрөлтэйгөөр ажилаа хийдэг. Жишээ нь монголд сэргээн засварлах эрх бүхий компани яамны сонгон шалгаруулсан эрхийн дагуу сэргээн засварлалтын ажил явуулдаг хуультай юм. Энэ бүхнээс үзэхэд томоохон дорвитой үйл ажиллагаа явуулахад урт удаан хугацаа шаарддаг.  


-Гүйцэтгэгч компани цөөхөн биз дээ?


-Монголд сэргээн засварлах ажил явуулдаг долоон компани бий.


-Одоо идэвхитэй ажиллаж байгаа нь яг хэд вэ?


-Гурав байгаа.


-Тэгвэл ачаалал өндөртэй юм байна, тийм үү?


-Хөдөө орон нутгийн сүм дуганыг сэргээн засварлахаас өгсүүлээд ачаалал нь маш их. Мөнхүү манай орны байгаль цаг уурын онцлогоос шалтгаалаад зөвхөн зуны улиралд л сэргээн засварлах үйл ажиллагаа явуулах боломжтой. Тиймээс нэгдүгээрт ачаалал их, хоёр хүн хүчний нөлөөлөл тааруу байдаг. Тухайн компани сэргээн засварлах эрхтэй боловч, ажилтан нь яг зураач уу, барималч уу, сэргээн засварлалтын ажилд чухам бэлтгэгдэж мэргэшсэн хүн мөн үү гэдгийг яг таг мэдэхэд хэцүү. Өөрөөр хэлбэл тэр компани эрхтэй боловч, ажилтныг нь бас тодорхойлох хэрэг гарна гэсэн үг.




-Чойжин ламын сүм музейн засварлалтын ажлыг одоо л эхлүүлэх гээд сурталчлан таниулах үйл ажиллагаагаа явуулж байгаа хэрэг үү?


-Соёлын биет өвийн газрыг сэргээн засварлахад хөрөнгө санхүү их шаардлагатай.  Нөгөөтэйгүүр манай төрөөс цаг хугацаа их шаардлагатайг анзаарч мэддэггүй болохоор ч юм уу урт удаан хугацааны бодлого барьж санхүүжилтийн зохицуулалт хийдэггүй. Энэ нь алдаа болж байна. Мөн яамны мөнгө бага учраас урьдчилан төлөвлөдөггүй. Тэгээд ч Чойжин ламын сүм музейг дөрвөн жилийн хугацаанд сэргээн засварлахад бодож нэг тэрбум төгрөг төсөвлөжээ гэж бодоход тэр нь огт хэрэгждэггүй. Учир нь энэ бол цаасан дээр л бичигдсэн тоо байдаг нь харамсалтай. Энэ жил борооны уснаас хамгаалж дээврийг нь засахаар 300 сая төгрөг төсөвлөсөн ч коронавирустэй холбоотой асуудлаас болж төсөв олгогдохоо больсон.


2017-2018 онд Чойжин ламын сүм музей болон МУЗ хамтран Австралийн хувь хандивлагчийн санхүүжилтээр музейн дурсгалт барилга, хосгүй үнэт өвийн хадгалалт хамгаалалтад нөлөөлж буй байгалийн ба нийгмийн хүчин зүйлсийн 9 төрлийн судалгааг явуулсан. Үүний дараа соёлын өвд учирч болох эрсдлийг тодорхойлж, хэрхэн арилгах тухай судлаачдын дүгнэлт, зөвлөмжийг боловсруулсан. Дээрх 9 төрлийн судалгааны зөвлөмж, дүгнэлтүүдэд үндэслэн түүх, соёлын дурсгалт газрын орчныг хамгаалах, музейн үзэгчдэд зориулсан тав тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор М Си Эс группийн санхүүжилтээр “Өв Эрдэнэ” соёлын өвийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн онд Чойжин ламын сүм музейн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийг боловсруулан Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газраар батлуулж, музейн дотоод орчны нийт 4800 мкв талбайг зүлэгжүүлэн мод сөөг тарьж, 650 мкв явган хүний замыг шинэчилж, усалгааны систем ба сүмийн барилгын гадна гэрэлтүүлгэ суурилуулсан. Тиймээс ер нь бол тохижуулах ажил хэдийн эхлээд явж байгаа гэсэн үг.


-Музейн хоёр талын замыг автомашингүй болгох шийдвэр гарсан. Үүнийг анх танай ажлын хэсгээс санаачилсан уу?


-Манай төслийн ажлын хэсэг санаачилсан. Ажлын багт ШУТИС-ийн багш нар, геологич,  нийгмийн шинжлэх ухаан, барилгын архетиктур, яамны түүх соёлыг хариуцсан мэргэжилтэн, соёлын өвийн захирал зэрэг тал бүрийн мэргэжилтэй хүмүүс багтсан байдаг. Бид судалгааны үр дүнгээ авч хэлэлцээд яаралтай авах арга хэмжээний талаарх төлөвлөгөө гаргасан. Судалгааны үр дүнгээс үзэхэд нэн түрүүнд галын машин ирэхэд орц, гарц байхгүй, бүх зам нь түгжрээтэй байсан. Мөн гал унтраах усны хангаж байгаагүй. Учир нь хотын төвд байршилтай мөртлөө төвийн шугамд холбогдоогүй байгаа юм. Нөгөөтэйгүүр маш олон машин хэрмэнд хашаанд нь тулж зогссоор байгаад хашаанд нь суулт өгчихсөн байсан. Ингээд БСШУ-ны яаманд саналаа хүргүүлсэн. Гэхдээ шийдвэрийг нийслэлийн тодорхой хэрэгжүүлэгч агентлагууд гаргаж, асуудлыг шийдээд явчихдаг юм билээ. Манай төслийн баг яаманд мэдэгдсэний дараа нийслэлийн засаг дарга руу удаа дараалан хүсэлт явуулсан. Бидний хүсэлтийг хүлээж авч шийдвэрлэсэнд баяртай байгаа.


-Өөр ийм асуудалтай тулгарч буй дурсгалт газрууд хэр их байна вэ?


-Музейгээс гадна дурсгалт газруудын өмчлөгч нь нэг өөр, ашиглагч нь нэг өөр байдаг. Жишээ Гандантэгчлэн хийдийн Гэсэр сүм бол хотын маань онцгой содон дурсгалт газрын нэг. Өнгө төрхийг нь сайжруулаад сэргээн засварлалт хийчихвэл олон хүн зорчих, жуулчдыг татаж чадах тийм газар. Үүнийг лам нар болоод Гандантэгчлэн хийд ашигладаг боловч, сэргээн засварлах эрх нь БСШУЯ-нд бий. Эсвэл өөрсдөө хандив тусламж гуйж санхүүжилтийн асуудлаа шийдчихлээ гэхэд мэргэжлийн бус хүмүүсээр засуулчих гээд байдаг гэмтэй тал байдаг.  


-Богд хааны ордон музейд ч бас асуудлууд их гардаг даа?


-Манай ажлын баг Богд хааны ордон музей дээр нөлөөллийн судалгаа хийсэн. Тэр үед геологийн судалгааны багийнхан олон дүгнэлт гаргасан. Жишээ нь Богд хааны ордон музей эргэн тойрны барилга байгууламжуудаас маш нам дор газар байдаг. Тиймээс үерийн усанд автах эрсдэл өндөртэй. Мөн Чойжин ламын сүм музейд гарсан асуудалтай ижил галын машин орох орц, гарцгүй. Дээр нь барилгынхаа сууринд ойрхон ургачихсан, цаашид явган хүний зам, барилгын суурийг сэндийчиж гарах магадлалтай том мод их байсан. Тиймээс нэн даруй зайлуулах шаардлагатай гэж үзэж байгаа. Мөнхүү бид урд талаас ирэхэд Богдын музей харагдахгүй байна. Зөвхөн зүүн талаасаа л харагддаг. Гэтэл урд талынх нь асар хүндэтгэлийн гоё хаалга нүдэнд ил харагддаггүй. Эдгээрийг тодруулах ямар нэгэн төлөвлөлт огтоос хийгдээгүй байна лээ. Жишээ нь урьд бол Сүхбаатарын талбайгаас Чойжин ламын сүм музей харагддаг байсан боловч “Blue Sky” гэж том байшин бариад таглачихсан. Гэтэл Парисын “Ялалтын хаалга”, “Буддагийн хөшөө” гээд дурсгалт газрууд нь нүдэнд ил байдаг. Тэднийгээ таглаад өндөр том цамхагууд босгоод байдаггүй шүү дээ.


Гэхдээ байшин барих нь буруу гэж хэлээгүй. Гол нь түүх соёлын дурсгалт газрын өнгө сүрийг дарсан өндөр барилга хажууд нь барьж болохгүй. Соёлын өвийн хуулинд байдаг энэ  заалт манайд огт хэрэгждэггүй. Яагаад гэвэл нийслэлийн төлөвлөгөө гаргаж буй хүмүүс нь энэ хуулиа мэддэггүй, уншдаггүй.


-Өдөрлөгийн дараа гарах ажлын үр дүнг хэрхэн харж байна вэ?


-Зөвхөн Чойжин ламын сүм музей гэлтгүй соёлын бүхий л дурсгалт газруудыг олон нийт, хувь хүн, компани, төр засаг хамтарч ажиллаад гоё болгож болно. Энэ удаагийн хувьд ч гэсэн тохижилтийн төсөл дээр Боловсролын яам, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, М Си Эс групп, МУЗ гээд төр олон нийт, хувийн хэвшил, мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллаж байна. Дээр нь мөн “Дэлхийн хөшөө дурсгалын сан” хамтран ажиллана. Басхүү Чойжин ламын музейн хөрш байгууллагуудыг татан оролцуулахаар ажиллаж байна. Энэхүү өдөрлөгөөр сурталчлан таниулах ажил амжилттай болвол цаашид бидний түүхийн нэгэн томоохон гэрч болсон энэхүү сайхан музейн тохижилтийн ажил хүсч, зорьж буйгаас минь илүү болно гэж найдаж байна. Түүндээ ч итгэлтэй байгаа.




-Хөтөлбөрийн дараа хамгийн түрүүнд ямар арга хэмжээ авч ажиллаж вэ?


-7300 мкв талбайг тохижуулах ажил хийнэ. Үүнд 1000 мкв явган хүний зам, 50 авто машины зогсоол2700 гаруй мод, 3000 гаруй мкв ногоон зүлэг, сүмийн гадна талын төмөр хашааг шинэчлэх зэрэг ажлууд багтсан. Үүнийг наадмаас өмнө дуусгах төлөвлөгөөтэй байгаа. Цаашид ч мөн “Өв эрдэнэ” тэтгэлэгийн хүрээнд өөр дурсгалт газар, музейтэй хамтарч ажиллана.


-Музейн тохижилтийн ажлыг яг мэргэжлийн хүмүүсээр нь хийлгэж байгаа юу, манайд энэ талын мэргэжилтэнг саяхнаас бэлтгэдэг болж эхэлсэн биз дээ?


-Тийм. Одоо л дөнгөж ШУТИС-д мэргэжилтэн бэлтгэдэг болж эхэлсэн. Хуучин “Сэргээн засварлалтын үйлдвэр” гэж байсан. Тэнд мэргэжилтнүүд ажилладаг байлаа. Зарим нь өнөөдөр хувиараа ажил хийж байна. Жишээ нь сэргээн засварлалтын зураг төсөл хийдэг “Сүлд проект” гэсэн ганц компани бий. Тэндхийн архитектур Г.Нямцогт гэж хүн хуучин “Сэргээн засварлалтын үйлдвэр”-т ажиллаж байсан мэргэжилтэн. Ингээд бодохоор монголд сэргээн засварлагч архитектур хүн цөөхөн.


-Мэдээж хүн бүрт өөрөөр сэтгэгддэг байх. Гэхдээ үүнд мэргэжилтнүүдийг оноосон тодорхойлолт ч бий. Харин та соёлын өвийг хэрхэн тодорхойлох вэ?  


-Соёлын өв гэдэг бол тодорхой цаг хугацаанд, тодорхой бүлэг хүмүүсийн амьдралын хэв маяг, үнэт зүйлс, оюун сэтгэхүйг шингээсэн биет бус болон биет өвийн илэрхийллийн хэлбэрүүд юм. Бид өөрсдийгөө үүх түүхийг бүтээх гэж зорьдог шигээ өнгөрсөнд үлдсэн түүхийн чухал нандин өвийг аварч хамгаалахын тулд сэтгэл зүрхээ зориулах ёстой. Энэ нь эх орныхоо төлөө тэмцэж байгаагаас ялгаагүй зүйл мөн. Хүн нэг бүр л нэгдэж байж бид ой санамж, түүхийн гэрч болсон дурсгалт газруудаа хамгаалж үлдэж чадна. 



Холбоотой мэдээ