Туркийн Ерөнхий сайд огцорно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-05-06 10:32:39

АНКАРА. /Anadolu/. Туркийн эрх баригч Шударга ёс, хөгжлийн нам энэ сарын сүүлчээр шинэ даргаа сонгох санал асуулга явуулна гэж тус улсын Ерөнхий сайд Ахмет Давутоглу мэдэгдэв.

Ахмет Давутоглу одоогоор Ерөнхий сайд болон намын даргын албыг хавсран хашиж байгаа бөгөөд тэрбээр намын даргын төлөө өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдсэн нь Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцорно гэсэн үг юм.

Тэрбээр намын гүйцэтгэх зөвлөлийн хурлын дараа мэдэгдэл хийхдээ “намын ээлжит бус чуулган энэ сарын 22-нд болно. Харилцан зөвшилцөл байхгүй болсон ийм үед би намын даргад нэр дэвших бодолгүй байна” гэжээ.

Тэрбээр ажлаа хүлээлгэн өгснийхөө дараа Анатолиа хотын Конья дүүргийг төлөөлсөн парламентын гишүүний ажлаа хийнэ гэж мэдэгдсэн байна.

Шударга ёс, хөгжлийн нам хамгийн сүүлд 2014 оны наймдугаар сард ээлжит бус чуулганаа хийж, Режеп Тайип Эрдоганыг Ерөнхийлөгч болсны дараа түүний Ерөнхий сайдын албыг Давутоглуд шилжүүлсэн билээ.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ