Ноолуурын кг тутамд нь 20 мянган төгрөгийн урамшуулал олгох тогтоолыг дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-05-15 12:00:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж, дэмжлээ.


УИХ-аас “COVID-19”-ийн үед малчдын орлогыг нэмэх, ноолуурын салбарын үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор өнгөрсөн сард тогтоол баталсан. Энэ хүрээнд малчдад тушаасан ноолуурын кг тутамд нь 20 мянган төгрөгийн урамшуулал олгох, үүнд 200 гаруй тэрбум төгрөг зарцуулахаар тусгасныг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан тогтоолын төслийг чуулганд танилцуулахдаа онцлов. Тодруулбал, малчин өрхөд 2019 оны мал тооллогын малчны А дансны мэдээллийг үндэслэн ноолуурын хэмжээг “Монгол ямааны үүлдэр, омог, Ерөнхий шаардлага” (MNS 0550:2011) стандартын дагуу тооцож, дансанд нь шилжүүлэх юм. Улсын хэмжээнд 2019 онд 70.9 сая толгой мал тоологдсоноос 29.3 сая ямаа байна.


Уг төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.


Мөн чуулганаар Тогтоол хүчингүй болгох тухай тогтоолыг батлав. Тодруулбал, 2014 онд УИХ-аас “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 64 дүгээр тогтоолыг батлахдаа Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэснийг зөрчсөн хэмээн Үндсэн хуулийн цэц дүгнэсэн байна. Уг дүгнэлтийг УИХ хүлээн авсан тул дээрх тогтоолыг хүчингүй болгож буй юм.

Холбоотой мэдээ