Дэлхийтэй төстэй хамгийн алс орших гараг олж илрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2020-05-14 10:52:59

ВЕЛЛИНГТОН. /AP/. Шинэ Зеландын Кантерберри их сургуулийн одон орон судлаачид манай галактикийн төвөөс дэлхийтэй төстэй гараг олж нээжээ. Уг гараг нь манай гаргаас 25 мянга орчим гэрлийн жилийн зайд оршдог аж.


Дэлхийтэй төстэй олон гараг Сүүн замд байх магадлалтай гэж эрдэмтэд үздэг боловч тэдгээрийг илрүүлэхэд амаргүй байдаг ажээ. Одон орон судлаачид одоогийн байдлаар нарны аймгийн гадна орших 4000 гаруй гараг илрүүлсэн боловч гуравны нэг нь л хад чулуунаас бүрдсэн гараг юм. Тэдгээрийн ихэнх нь дэлхийгээс хэдэн мянган гэрлийн жилийн зайтай оршдог байна.


Судлаачид шинээр нээсэн гаргаа “OGLE-2018-BLG-0677” гэж нэрлэжээ. Мэдээллүүдийг нь судалсны дараа уг гараг нь дэлхийгээс 3.96 дахин их масстай болохыг тогтоосон байна. Шинэ гараг жижиг одыг тойрон эргэдэг ажээ. Гараг болон одны хоорондох зай Сугар гаргаас нар хүртэлх зайтай ойролцоо гэнэ. Уг гараг өөрийн нараа хангалттай удаан тойрон эргэдэг бөгөөд нэг жил нь 617 орчим хоног үргэлжилдэг гэж судлаачид таамаглаж байна.


Эрдэмтэд энэхүү чулуурхаг гараг нь амьдрал оршин байхад тохиромжтой эсэхийг одоогоор мэдэхгүй байгаа юм. Учир нь маш хол зайтай тул түүний одны температур, идэвхжлийнх нь талаар ямар нэгэн зүйл олж мэдэх хэцүү ажээ.


Холбоотой мэдээ