ДЭМБ: Цар тахлыг хяналтад авахад асар урт хугацаа шаардлагатай

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-05-14 09:19:28

ЖЕНЕВ. /Reuters/. Цар тахлыг хяналтад авахад асар урт хугацаа шаардлагатай гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ анхааруулаад, халдварын шинэ тохиолдлыг илрүүлэх тогтолцоог бий болгож, илүү их хүчин чармайлт гаргахыг улс орнуудад уриалжээ.


Дэлхийн олон оронд коронавирусний халдварыг хяналтад авах хязгаарлалтуудаа сулруулж буй үед ДЭМБ-ын Эрүүл мэндийн онцгой байдлын асуудал хариуцсан дарга Майкл Райан лхагва гарагт болсон цахим хэвлэлийн бага хурлын үеэр ийнхүү мэдэгдсэн байна.


М.Райан коронавирусийг олон нийтийн дунд тархсан өөр нэгэн эндемик вирус болж болзошгүй хэмээгээд, энэ вирус хэзээ ч үгүй болохгүй байж магадгүй гэж хэлжээ. Мөн тэрбээр вакциныг гарган авахад олон улс нягт хамтран ажиллах шаардлагатай гэдгийг онцлоод, хүн төрөлхтөн ХДХВ-ээс ангижраагүй хэдий ч эмчилгээ, урьдчилан сэргийлэх аргуудыг нээсээр байгааг тэмдэглэн хэлжээ.


"Дэлхийн олон оронд халдварын эрсдэл өндөр байна. Иймээс улс орнууд хөл хорионы хязгаарлалтаа үе шаттайгаар сулруулахгүй бол халдвар хурдацтай тархаж, Засгийн газрууд дахин хөл хорио тогтооход хүрч болзошгүй" гэж Эрүүл мэндийн онцгой байдлын асуудал хариуцсан дарга анхааруулжээ. Дэлхийн даяар халдварын 4.3 сая тохиолдол бүртгэгдэж, 300 мянга орчим хүн нас барсан байна. 

Холбоотой мэдээ