Хуулийн заалтыг анхааруулсан самбар байршуулахаар болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-05-05 20:40:17

Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутагт байгалийн өнгөт чулуу түүх явдлыг таслан зогсооход чиглэсэн бас нэг ажлыг сумын ЗДТГ хэрэгжүүлж байна. Тодруулбал, анхааруулах мэдээлэл бүхий самбарыг тодорхой цэгүүдэд байршуулахаар болжээ.

Энэ тухайд сумын Засаг даргын орлогч Б. Иш- Ёндонгоос тодруулахад, “Чулуу олборлож байгаа гол гол хэсгүүдэд нийт 6 самбар байршуулна. Самбарт Ашигт малтмалын тухай хуулийн заалтыг бичиж, түүнийг зөрчсөн болон сумын тусгай хамгаалалттай бүс нутагт хууль бус үйл ажиллагаа явуулбал ямар хариуцлага хүлээх тухай мэдээллийг бичсэн” гэлээ. Самбарыг бэлдсэн. Энэ долоо хоногт байршуулж дуусах ажээ.

Иргэд хөрсөн дээрээс өнгөт чулуу түүж, улмаар газар сэндийлэн ухаж төнхөн чулуу хайдаг болсон нь Ашигт малтмалын тухай хуулийн 7.3 буюу бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэн хайх, ашиглахыг хориглосон заалтыг зөрчдөг байна. Дээр нь чулуу олборлож байгаа Халтарын уул хэмээх газар нь Дэлгэрцогт сумын тусгай хамгаалалттай бүс нутаг ажээ.

Дээрхи хуулийн заалтыг зөрчвөл мөн энэ хуулийн 66.1.1 дэхь заалтаар хариуцлага хүлээх юм байна. Энэ нь тусгай зөвшөөрөлгүй этгээд ашигт малтмалын хайгуул хийсэн, ашигт малтмал олборлосон, борлуулсан, ашигт малтмалын орд ашигласан бол хууль бусаар олсон орлого, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хурааж, уг этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гучаас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох тухай заалт ажээ.

Гэхдээ одоогийн байдлаар ийм хэмжээний торгууль ногдуулсан тохиолдол байхгүй. Учир нь ийм өндөр хэмжээний торгууль нь иргэдийн аж амьдралд улам дарамт болох тул  Байгаль орчны хуулиар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин ихэсгэсэн хэмжээний торгуулийг чулуу түүж яваад саатуулагдсан иргэдэд ногдуулж байгаа ажээ.

 Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ