Алтан Дэвтээрийн давс эрэлт ихтэй байдаг

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2020-05-12 21:56:38

Завхан /МОНЦАМЭ/. Завханы Сантмаргаз сумын Дэвтээр нуурын давс эрэлт ихтэй байна.

Дэвтээр нуурын давсны ил ордоос Сантмаргаз сумын Монгол хан хоршоо олборлолт явуулж байна. Тус хоршоо олборлосон давсаа иоджуулж аймаг орон нутаг төдийгүй хөрш аймгууд, Улаанбаатар хотын эрэлт хэрэгцээг хангадаг ажээ. Өнөөдрийн байдлаар эрэлт их байгаа бөгөөд өдөртөө 6 тоннын даацтай ачааны машин хоёрыг дүүргээд гаргадаг. Манай хоршоо нутгийн 30 гаруй иргэнийг байнгын ажлын байраар ханган ажиллаж байна. Цэвэр байгаль дээр ургасан, химийн элдэв найрлагагүй давсны хэрэглээг хүн бүр хүсдэг, хэрэглэхийг зорьж байна. Өнөөдөр манай давс яг л тийм чанарыг хангаж буй юм. Энэ давсны чанар онцгой сайн бөгөөд 100 жилийн нөөцтэй.  

Манай Монголын зах зээлд Хятад, Герман, Оросоос давс авч ирж зарж байхаар Монголынхоо баялгийг зөв ашиглачихвал үйлдвэрлэл эрхэлж буй бидэнд ч тустай, иргэдийн маань эрүүл мэндэд ч тустай юм. “Алтан Дэвтээр” хэмээн нэрлэдэг “Дэвтээр нуур”-ын давсыг манай нутагт 50 гаруй жил олборлож байгаа.

Энэ уламжлалыг манай хоршоо үргэлжлүүлэн иоджуулж, нэг кг, 500 граммаар савлан худалдаанд гаргаж аймаг орон нутгийн хэрэгцээг бүрэн хангаж байна. Аймгийн томоохон хүнсний үйлдвэрүүд манайхаас давсаа авдаг. Ер нь давсны олборлолтод ажиллаж буй хүмүүст хүнд хүчир ажил. Гэхдээ уул уурхай, хүнд үйлдвэрт ажиллаж химийн элдэв хортой нөхцөлд ажиллахаас хувь илүү хоргүй нөхцөл юм. Сүүлийн үед суманд ажлын байр олдохгүй байна. Гадагш явж өндөр цалинтай ажил хийнэ гэх залуучууд их болжээ. Түүнийхээ оронд өдөртөө 200 мянган төгрөгөөр цалинжаад орон нутгийнхаа давсны үйлдвэрт ажиллах саналыг бид тавьдаг. Гэтэл манай залуучууд биеийн амар, хялбар аргаар мөнгө олохыг боддог болсон нь харамсалтай юм.

Гэхдээ сүүлийн жилүүдэд давсны үйлдвэрт ажиллах хүсэлтэй иргэд олон ирж буйд талархаж байна хэмээн Монгол хан хоршооноос мэдээлэв.  

34 жилийн дараа сургуулийн шинэ барилгатай болжээ

Сантмаргаз суманд 2018-2019 онд багагүй бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын ажлууд хийжээ.

Тухайлбал өнгөрсөн жилийн 12 дугаар сард ашиглалтад орсон 320 хүүхдийн хичээлийн байр байна. Хөдөөгийн хүүхдүүд маань тав тухтай, тохилог орчинд сурч боловсрох нөхцөл бүрдсэн сайхан бүтээн байгуулалт болсон. 80 жилийн түүхтэй сургууль маань 34 жилийн дараа хичээлийн шинэ байртай боллоо. Олон жилийн уртад тохь тух нь муудаж, хүүхдүүд хоёр ээлжээр гайгүй танхимдаа хичээллэж байсан энэ барилгыг шинэчлэх, шинэ сургуулийн барилга бариулах гэж олон жил холбогдох албаныханд хэл дуулгаж байсан юм. Ингээд тус сумаас аймгийн ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдсон н.Нямдорж агсан анх 2016 онд тойргийнхоо УИХ-ын гишүүнд хандаж хүсэлт тавьж шаргуу хөөцөлдсөний дүнд өнгөрсөн жил улсын төсвийн хөрөнгөөр хөдөө суманд байхгүй, гГурван давхар сургуулийн барилгыг ашиглалтад хүлээн авлаа. Сургуулийн шинэ барилга маань улсын төсвийн 3.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 320 хүүхдийн суудалтай хичээлийн шинэ байр, спорт заалтай болсон. Өнөөдөр манай сумын сургууль 326 сурагч, 50 багш ажилчидтай. Өмнө нь 160 хүүхдийн хичээлийн байранд хоёр ээлжээр хичээллэж байсан бол өнөөдөр хүүхдүүд маань тохь тухтай, нэг ээлжээр хичээллэх боломжтой боллоо. Хичээлийн шинэ байр, спорт заалны барилга угсралтын ажлыг “РСД” ХХК 2018 оны долоодугаар сарын 22-ны өдөр эхлүүлж 1.5 жилийн хугацаанд чанарын өндөр түвшинд барьж ашиглалтад оруулсан хэмээн сумын Засаг дарга М.Өнөржаргал хэллээ.  


Найман иргэнд жижиг дунд үйлдвэрийг нь дэмжиж зээл олгожээ

Завханы Сантмаргаз сумын эдийн засгийн гол үндэс нь мах, сүүний чиглэлийн үхэр, хонь зонхилсон мал аж ахуй юм.

Баяннуур нь загас агнуурын нөөцтэй. Энэ баялгийг ашиглах бүрэн бололцоотой.

Мөн Бор хярын элс, Баяннуур, Мухар хүнгүйн гол, Усны уул, Шивээтийн ганц мод зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудын цогцолборыг ашиглан аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой юм. Сүүлийн жилүүдэд дотоод, гадаадын аялагчид олноор ирж аялж амарч байна. Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд сонирхол татахуйц байгалийн үзэсгэлэнт газар ихтэй, малчдын амьдрал ахуй уламжилж ирсэн зан заншил нь ч бусад нутгийнхнаас онцлогтой, бүхэлдээ халхжсан, “Сартуул” нутаг юм. “Алтайн сугас” загас элбэгтэй, загасны аж ахуй хөгжүүлэх бүрэн боломжтой. Агь таана, хөмүүл хазаар, хялгана, ерхөг зэрэг амтлаг бутлаг ургамал ихтэй. Нутгийн 30 гаруй хувьд нь үхэр, ямаан харгана ургадаг тал хээрийн бүсэд оршдог нутаг юм. Өнөөдрийн байдлаар манай суманд байгалийн баялгаа ашиглаж жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж буй 30 гаруй иргэн байна. 2019 онд сум хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлд найман иргэнийг хамруулан 34 сая төгрөгийн зээл олгосон.

Зээл авсан иргэд маань маш амжилттай үйлдвэрлэлээ явуулж байна. Саалийн үнээ, сүү цагаан идээ боловсруулахад найман сая төгрөг, газар тариаланг дэмжихэд дөрвөн сая төгрөг, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд найман сая төгрөгийг зарцуулсан байна.

Мөн буриад, монгол гутал хийдэг өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хоёр сая төгрөг, ингэний аж ахуй эрхлэх өрхийг дэмжиж найман сая төгрөгийн зээлийг тус тус олгожээ. Ингэний сүү, айраг цагаан идээ, иоджуулсан давс, алтайн сугас загасыг сумынхаа брэнд бүтээгдэхүүн болгож жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж байна. Энэ жил ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр сум хөгжүүлэх сангаас зээл авсан иргэдийг нэгдсэн байртай болгох ажил эхэлсэн төлөвлөгөөний дагуу ажлууд хийж байгаа. Модны цех байгуулж таван иргэнийг байнгын ажлын байртай болгосон хэмээн Сантмаргаз сумын ЗДТГ-аас дуулгав.

 

ОНХС-гийн 77 сая төгрөгийг бүтээн байгуулалтад зарцуулжээ

Манай суманд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт жил бүр нэмэгдэж байгаа. Эдгээр хөрөнгийг иргэдийнхээ санал хүсэлтийг авч нэн чухал гэсэн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлуудад зарцуулж байна. Тухайлбал улсын төсвийн 65 сая төгрөгөөр халуун усны барилгатай болсон. Нэгдсэн халаалттай болж төсвийн байгууллагууд бүрэн холбогдлоо. Сумын ОНХС-гийн хөрөнгөөр 2019 онд найман ажил, арга хэмжээнд 77 сая төгрөг батлагдаж сумын төвийн гэрэлтүүлэг, камержуулалтыг бүрэн хийгээд байна.

Мөн хүүхдийн цэцэрлэгийн хүнсний агуулахыг долоон сая төгрөгөөр засварлалаа. Сумынхаа хогийн цэгийн тохижилт, хур хогийг зөөж, дарж булах, талбайг хумьж түрэн далан босгох, орох, гарах гарц хийгээд байна. Соёлын төвд халаалт тавьж иргэдийг соёл хүмүүжлийн үйлчилгээ авахад тохитой тухтай орчин бүрдүүллээ. Бэлчээрийн худаг засвар, жишиг мал эмнэлэг байгуулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг тус тус зарцуулаад байна.

“Миний гоё сум” хөтөлбөрийн хүрээнд “Эко Завхан” аянд сумын нийт иргэд идэвх санаачилгатай оролцож байна. Албан байгууллага, аж ахуйн нэгжүүд, айл өрхүүд сар бүр нийтийн их цэвэрлэгээний өдөртэй болсон. Гадна тохижилт, сумын төвийн ногоон байгууламжийг нэмэгдүүлж жилд хоёр удаа бүх нийтийн мод тарих өдрийг зохион байгуулж байна. Модыг тариад өнгөрөх биш харин тордож, усалж ургуулахыг иргэн бүр чухалчилж байна. Бид ч хяналт тавьж иргэн, байгууллагуудаа урамшуулдаг. Тарьж ургуулсан мод бутыг сийрүүлэн арчилж, цэцэрлэгт хүрээлэнг цэвэрлэж, хайс хамгаалалтыг жилд хоёр удаа засаж сэргээж байгаа хэмээн Сантмаргаз сумын ЗДТГ-аас нэмж дуулгав.  


Хүүхдүүд гэр өргөөндөө тухтай орчинд сурч хүмүүждэг

Завхан аймаг “Сайн малчин” хөтөлбөрийн хүрээнд малчны зургаан настай хүүхдийн “Гэр өргөө” төслийг сум бүрт хэрэгжүүлж байгаа.

Тэгвэл Сантмаргаз сум ерөнхий боловсролын сургуулийнхаа дотуур байрны нэг тасгийг тохижуулж гэр өргөөг байгуулжээ. Энэ өргөөг малчны зургаан настай хүүхдүүдэд зориулан тухтай амьдрах, тэдний нас сэтгэхүйн онцлогт нь тохирсон тавилга, хогшил, тоглоом наадгай, ариун цэврийн өрөө бүхий орчныг бий болгожээ. Хүүхдүүд гэр өргөөндөө амьдрах их дуртай байгаа.


Малчин эцэг эхчүүдийн сэтгэл ханамж ч өндөр байна. Малчид маань хүүхдүүддээ санаа зовохгүйгээр тайван амгалан ажил хөдөлмөрөө эрхлэх боломжтой болсон. Гэр өргөөний асрагч багш нар хүүхдүүдийн аюулгүй ажиллагааг хангаж, хичээлийн бус цагаар хичээлийг нь зааж, яг л эцэг эхийнх нь хийдэг бүх ажлыг хийж байгаа. Гэр өргөөнд маань 11 хүүхэд амьдардаг. Нэмж дуулгахад энэхүү гэр өргөөг аймгийн Засаг даргын зүгээс таван сая төгрөг, ОНХС-гаас хоёр сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар тохижуулсан хэмээн Сантмаргаз сумын ЗДТГ-аас тус тус мэдээллээ. 

Холбоотой мэдээ