“COVID-19”-ийн эмчилгээ хийлгэж буй өвчтөнд уушги шилжүүлэн суулгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-05-12 13:44:19

УХАНЬ. /CGTN/. БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотын их сургуулийн дэргэдэх эмнэлгийн эмч нар коронавирусний халдвар авсан 54 настай эрэгтэйд уушги шилжүүлэн суулгах мэс засал хийжээ


Уг өвчтөнд энэ нэгдүгээр сард коронавирусний халдвар оношлогдсон гэж мэдээлж байна. Түүнд амьсгал давчдах, чичрэх, өндөр халуулах шинж тэмдэг илэрчээ. Хоёрдугаар сард уг эрэгтэйн цагаан мөгөөрсөн хоолойд гуурс тавьж, хүчилтөрөгчийн аппарат залгасан байна. Түүнд мөн вирусийн эсрэг, халдварын эсрэг болон дархлаа дэмжих хэд хэдэн курс эмчилгээ хийснээс гадна, донорын цусны сийвэн сэлбэжээ. Гэсэн хэдий ч уг эрэгтэйд уушгины завсрын эдийн эмгэгүүдийн улмаас фиброз үүсэж, амьсгалын дутагдалд орсон байна. Эцэст нь Зянсу мужийн уушги шилжүүлэн суулгах төвийн мэргэжилтнүүд өвчтөнд уушги шилжүүлэн суулгахыг зөвлөжээ.


Мэс засал 24 цаг үргэлжилжээ. “Өвчтөний биеийн байдал сайн байгаа. Түүний амин чухал үзүүлэлтүүд тогтвортой байгаа бөгөөд шилжүүлэн суулгасан уушги нь сайн ажиллаж байна” гэж эмч нар мэдээлсэн байна.


Холбоотой мэдээ