"COVID 19" туссан иргэдийн 15 нь эдгэрэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-05-12 11:40:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХӨСҮТ-ээс өнөөдөр нэг хүн эдгэрч, дараагийн шатны ажиглалт хяналтад шилжлээ. Ингэснээр коронавирусээр халдварласан нийт 15 хүн эдгэрч байгааг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээлэв.


Тэрбээр, таван төрлийн сорьцод шинжилгээ хийж, 2-3 удаагийн давтан шинжилгээгээр сөрөг буюу коронавирус илрэхгүй бол эдгэрлээ гэж үзэн дараагийн шатны хяналтад шилжүүлж байгааг хэллээ.


Одоогоор ХӨСҮТ-д 102 хүн тандалт ажиглалтад байгаа бөгөөд коронавирусний халдвартай 27 хүн эмчлүүлж байгаа бол ойрын хугацаанд хоёр хүн эдгэрэх явцтай байгаа аж.


ХӨСҮТ-ийн хоёр болон Дархан-Уул аймгийн  салбар лабораторид өчигдөр нийт 80 хүнд коронавирусний шинжилгээ хийхэд халдвар илрээгүй байна. Үүнд, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 30 хүнд давтан шинжилгээ, тандалтын зорилгоор цуглуулсан 29 хүнд шинжилгээ хийхэд халдваргүй гарчээ.  Мөн Алтанбулагийн боомтоор орж ирсэн, ачаа тээврийн 21 жолоочид хийсэн шинжилгээгээр коронавирус илрээгүй байна.

 

Холбоотой мэдээ