“Үндэснийхээ ой санамжийг хамтаар сэрээе” уриалга дэвшүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-05-12 13:48:11
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын ээлжит сонгуульд оролцож буй нам, эвсэл, бие даан нэр дэвшигчид болон сонгогчдод хандан “Сэргэлэн Интернэйшнал Экспедишн” ТББ-аас “Үндэсний ой санамжийг хамтаар сэрээе” уриалгыг дэвшүүллээ.


Өнөөдөр МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд болсон хэвлэлийн хурлын үеэр, "Үндэсний ой санамж гэдэг нь та бидний ой санамжид орших дундын хэл, түүх, соёл болон дундын ёс заншил, зорилго тэмүүллээс иж бүрдэх цогц ухагдахуун. Дундын ой санамжтай хүмүүсийг үндэстэн гэнэ. Үндэстнийхээ ой санамжийн онцлогийг бусад үндэстний ой санамжаас ямагт ангид байлгах нь тухайн үндэстний оршихуйн дархлаа юм" хэмээн тус байгууллагын тэргүүн С.Сэргэлэн онцолсон юм.



Сэргэлэн Интернэйшнал Экспедишн ТББ-ын тэргүүн С.Сэргэлэн: "Ардчилсан хувьсгалаас хойш бид байгалийн баялаг, эдийн засгийг хөгжил гэх мэт үндэснийхээ ой санамжаас ангид зорилго тавьж, үр дүн муутай ажиллаж ирлээ. Төр барих ухаан зөвхөн манай үндэсний ой санамжид оршино. Өвгөдийнхөө төр барих зан үйлээр төрөө удирдаж буй үндэстэн дэвжиж байгааг өмнөд, хойд хоёр хөршийнхөө жишээнээс харж болно. Тиймээс сонгуульд оролцож буй нам, эвсэл, бие даагч болон сонгогч олондоо үндэсний ой санамж нь сонгуулийн мөрийн хөтөлбөрийн ул суурь нь байх ёстой гэдгийг үндэснийхээ ой санамжийг сэрээх уриан доор сануулж байна. Сонгуулийн ялалт дөрвөн жилийн асуудал. Үндэстний оршихуйн ялалт нь хүн үндэстэн монголчуудын жинхэнэ ялалт байна" хэмээв.



"Сэргэлэн Интернэйшнал Экспедишн" ТББ-ын үүсгэн байгуулагч Д.Эрдэнэбаатар: "1911 онд Олноо Өргөгдсөн Монгол Улс тусгаар тогтнолоо олж туурга тусгаар улсаа сэргээн байгуулж байхдаа хүн төрөлхтний жам ёсны хөгжлийн чиг баримжааг баримталж, өөрийн гүн ухаан, түүх соёлын уламжлал дээрээ тулгуурлан хууль эрх зүй, түүх соёлоо дээдэлсэн Төрөө сэргээж байсан сайхан уламжлалтай. Бидний монголчууд тийм л чиг баримжааг ул болгон үндэснийхээ ой санамжаа сэрээж хөгжүүлж байж улс гэрээ хөгжүүлж чадна. Даян дэлхий даяаршиж байна гээд байгаа орчин цагийн үзэл онол, практик амьдрал дээр тийм ч явууртай биш гэдэг нь өнөөгийн нөхцөл байдалд тодорхой харуулж байна. Тиймээс УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй сайтар танилцаж, улс үндэстнийхээ аюулгүй байдлыг эн тэргүүнд тавьж эх түүхээ харийн түрэмгийллээс хамгаалах, хэл соёлоо дээдлэн хөгжүүлэх нэр дэвшигчдийг дэмжихийг уриалж байна" хэмээн тэмдэглэв.



2300 орчим жилийн баримтжуулсан түүхтэй манай улс ХХ зууны эхээр бусдын төрийн нөлөөнд автаж явсан эмгэнэлтэй түүх бий. Иймд төрт улсаа бэхжүүлж, үндэсний аюулгүй байдлын дархлаа болох эх түүх, хэл, соёлоо хамгаалан хөгжүүлэх нь нэг ёсондоо 2300 жилийн түүхийнхээ өмнө хүлээж буй хариуцлага гэдгийг тус ТББ-ынхан онцоллоо.



Тус байгууллагаас гаргаж буй уриалгыг бүрэн эхээр нь толилуулж байна.


“СИЭ” ТББ-ын уриалга

Үндэсний ой санамжаа сэрээе!

Өнөө Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн бэлтгэл шатны ажил ид явагдаж байна. Сонгуульд оролцож буй нам, эвслүүд нь Монгол Улсынхаа хөгжил дэвшлийг удирдах мөрийн хөтөлбөрөө, бие даан нэр дэвшигч бүр Монгол улсынхаа хөгжлийн саад тотгорыг засах, шинэ санаа, шинэ баримтлал, шинэ агуулагатай мөрийн хөтөлбөрөө Үндэсний Аудитын газраар хянуулж дүгнэлт гаргуулах энэ мөчид “Сэргэлэн Интернэйшнал Экспедишн” /СИЭ/ ТББ “Үндэсний ой санамжаа сэрээе” гэсэн уриалгаар та бүхэндээ хандаж байна.

СИЭ ТББ нь аливаа нам, улс төрийн хүчинд үйлчилдэггүй, Үндэсний ой санамжийн иж бүрдэл болох хэл, түүх, соёлоо сэрээх гэгээн үйлсэд зүтгэж буй хамт олон юм аа. “СИЭ” ТББ нь улс төрийн хүчин биш.

“Үндэсний ой санамж гэдэг нь та бидний ой санамжид орших дундын хэл, түүх, соёл болон дундын ёс заншил, зорилго тэмүүллээс иж бүрдэх цогц ухагдахуун. Дундын ой санамжтай хүмүүсийг үндэстэн гэнэ. Үндэстнийхээ ой санамжийн онцлогийг бусад үндэстний ой санамжаас ямагт ангид байлгах нь тухайн үндэстний оршихуйн дархлаа” юм.

Нэг үгээр хэлэхэд, та бидний дундын хэл, түүх, соёл нь, манай үр хойчсын дундын ирээдүй нь, өнөө бидний ёс заншил нь биднийг үндэстэн болгож байдаг. Дундын Өнгөрсөн, Дундын Өнөө, Дундын Ирээдүйтэй Хүн үндэстэн монголчууд бол та бид билээ.

Хүн үндэстэн өнөөгийн монголчууд бид маш эртний буюу 2300 орчим жилийн баримтжуулагдсан түүхтэй үндэстэн. Хүн үндэстэн өнөөгийн монголчууд бид Орхон, Сэлэнгэ, Туул, Хануй, Хүнүй голынхоо сав талаас хаашаа ч яваагүй, хаанаас ч ирээгүй ард түмэн.

Эрхэм хүндэт Хүн үндэстэн монголчууд аа! Эрхэм хүндэт сонгогч нар аа! Монгол Улсын төр мөнхөд оршихын үндэс нь Монгол улсын Үндсэн хууль болно. Монгол Улсын Үндсэн хуулийн тунхаг хэсэгт:

“Монголын ард түмэн бид:

-Төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж,эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна” гэж оржээ.

Уг Хуулийн 7-р зүйлийн нэгт Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байнагэж оржээ.

Төрт ёс, түүх, соёл нь манай Үндэсний ой санамжийн салшгүй хэсэг тул энэ бүхнийгээ Монгол Улс Үндсэн хуулиндаа уламжилна, өвлөнө, хамгаална гэж оруулжээ.

Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Үзэл Баримталын 1.1.2-т “Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхолд Монголын ард түмэн, соёл иргэншил оршин тогтнох, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэр, хил хязгаарын халдашгүй байдал…багтана” гэж оржээ. Соёл иргэншил оршин тогтнох нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын өмнө оржээ.

Манай Үндэсний аюулгүй байдлын дархлаа болох түүх, хэл, соёл руу харийн улс, төрийнхөө түвшинд нарийн боловсруулсан төлөвлөгөөтэй түрэмгийлэл үйлдэж байна. Энэ бүхнийг  СИЭ ТББ цаг тухайд нь эх сурвалжаар няцаан, ард түмэндээ мөн чанарыг нь таниулахаас гадна холбогдох албан тоотыг Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл, Ерөнхий сайд, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны сайдад хүргэсээр байна.

Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Үзэл Баримтлалын  Үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны хамгийн гол зарчимд эх оронч үндэсний үзлийг дээдлэх гэж оржээ. Үндэсний ой санамж монгол хүн болгонд сууж байж эх оронч үзэл төлөвшинө.

Монгол төрийн хар хайцагны бодлогын мөн чанар төр улсаа бидэнд өвлүүлсэн,  2300 жилийн төрт ёсны түүхтэй манай ихсээс бичин үлдээсэн захиасанд оршино.

Дунд орны Хуучин Тан төрийн бичиг Түргийн шастир дээдэд Умард орших мал аж ахуйтны газар усыг хоосон болгохын тулд нийт сая гаруй мал аж ахуйтныг дотор газар авчирч, тэднийг өөрсдийнхөө ёсонд сургана, тариаланч, нэхмэлчин болгох төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж байжээ.

Манай Түрэг төрийн Хүн үсэгт Гол тигэн хадан бичээст Түрэг Илтирсхаан харийнхны сүжиг үгэнд, харийнхны эд мөнгөнд шунавал Түрэг төр үгүй болно, Өтүгэндээ төр улсаа байгуулбал хэнээс ч юугаар ч дутахгүй гэдгийг ард түмэндээ нөр их хөдөлмөр хичээл зүтгэлээр ухуулан тайлбарласны үр дүнд, Илтерс хааны үгэнд орсны үр дүнд Түрэг төрөө манай дээдэс дахин байгуулжээ. Гол тигэн хадан бичээсийн бас нэг гол санаа нь өөрийн нутаг устай бид үр хойчсоо харийнхны боол болгож болохгүй гэсэн алтан захиасыг бидэнд сийлэн үлдээжээ. Ухаантай төр нь ядуу ард түмнээ баян болгодог.

Өвөг дээдсийн энэ сургамж үеийн үед давтагддаг тул манай төрийн хар хайцагны бодлогын үндэс байх ёстой. Энэ бүгдийг монголчууд хуулиндаа тусгасан ч мөн чанарыг нь билрээгүй явна. Ийм сургамж сургаалиуд дээдсээс үлдээсэн эх сурвалжид арвин байна.

Өнөө сонгуульд оролцож буй манай хамгийн ахмад нам нь ирэх жил 100 жилийнхээ ойтой золгох гэж байна. Хүн үндэстэн мануусын баримтжуулагдсан түүх 2300 орчим жил. 2300 жилийн өмнө 100 жил нь дэндүү охор хугацаа боловч 2300 жилийн түүхийнхээ өмнө бид мөн хариуцлага хүлээж байгаа гэдгийг сонгох, сонгогдох хүн бүр бүү март!

Үндэсний ой санамжтай үндэстэн харийн үзэл сурталд автагдахгүй, Үндэсний ой санамжаа дээдэлдэг нам, эвсэл нь өвөг дээдсийнхээ ухаанаар улсаа удирдана, үндэстнийнхээ сайн сайхны төлөө зүтгэнэ.

Үндэсний ой санамжаа дээдэлдэг бие даагч улс төрч биш төрийн зүтгэлтэн болно.

“Үндэснийхээ ой санамжийг хамтаар сэрээе” гээн та бүхэндээ СИЭ ТББ уриалж байна. Сонгуульд ялж ялагдах нь дөрвөн жилийн асуудал. Хүн үндэстэн монголчуудын мөнх оршихуй, Монгол Улс бүрэн эрхт, ангид тогтнолоо мөнхөд хадгалах нь Хүн үндэстэн монголчуудын жинхэнэ ялалт. Үүнээс өөр ялалт бидэнд байхгүй!

 


Холбоотой мэдээ