Хавдрын эсрэг аяныг дэмжин ажиллахаар болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-05-05 14:31:19

Хорт хавдар манай орны хүн амын нас баралтын хоёр дахь шалтгаан болж, түүний дотор элэгний хорт хавдар 40 гаруй хувийг эзэлж байна. Тиймээс ХСҮТ-д хавдартай хүнд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг нутагшуулахаар “Элэг нэгт Монголчууд” сан байгуулан хандивын аян зохион байгуулж байна.

 Тус сангийн санал санаачилгыг Улаанбаатар хот дахь урлаг, соёлын байгууллагууд дэмжин энэ сарын 14-нд нэгэн зэрэг тоглолт зохион байгуулах болсноо ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаатай уулзаж мэдэгдсэн юм.

Өнөөдрийн байдлаар  төрийн харьяалалтай  монголын 40 орчим  байгууллага үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд 5200 орчим уран бүтээлч ажилладаг байна. Тэд энэхүү хандивын тоглолтоороо 100 орчим сая  төгрөгийн орлого  олно хэмээн тооцоолжээ.

Урлагийнхны  санаачилсан хандивын тоглолт  нь “Хавдаргүй Монгол” болох эрхэм зорилгод нийцэж байгаа учраас ЭМСЯ бүх талаар дэмжин ажиллахаар боллоо.

ҮДБЭЧ-ын “Монголын их хатад” бүжгийн концерт МҮЭ-ийн Соёлын төв ордонд 15.00 цагт, “Ромео Жульетта” жүжиг УДЭТ-ын тайзнаа 18.00 цагт, “Үүлэн заяа” дуулалт жүжиг УДБЭТ-ын тайзнаа 15.00, 17.00 цагт, “Бид нэг гэр бүл” концерт Улсын филармонид 15.00 цагт, “Мял богд” хүүхдийн уран бүтээл Улсын Хүүхэлдэйн театрын тайзнаа 15.00 цагт тус тус болно.

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас соёл, урлагийн байгууллагаас эрхлэн зохион байгуулах энэхүү хандивын тоглолтод нийслэлчүүдийг идэвхитэй оролцохыг уриалав. 

Ж.Болор

Холбоотой мэдээ