Өлгий хотыг тойрч гарах 19 км авто замын барилгын ажлыг эхлүүллээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-05-10 19:53:28

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд барих Өлгий хотыг тойрон гарах 18.82 км авто зам, Ховд голын 200 м төмөр бетон гүүр, Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн 25,8 км авто замын барилгын ажлыг эхлүүллээ.

Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Мурат, Зам тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар болон аймгийн удирдлагууд, гүйцэтгэгч кампанийн удирдлага, ажилчид оролцлоо.

Өлгий хотыг тойрч гарах зам, гүүрийн ажлыг Азийн хөгжлийн банкны 22.79 тэрбум төгрөгийн санхүүжилтээр “Хотгор Зам”, “Эйч Кэ Би Интернэшнл Холдинг” компаниуд гүйцэтгэж 2021 онд ашиглалтад оруулна.

Харин тендерийн маргааны улмаас олон жил гацаад байсан Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн 25,8 км авто замын барилгын ажлыг гүйцэтгүүлэхээр Зам, тээврийн хөгжлийн яам БНХАУ-ын “Лонгжан Роуд энд Бридж” компанитай өнгөрсөн гуравдугаар сарын 27-ны өдөр гэрээ байгуулсан байна.

Дээрх бүтээн байгуулалтын ажлуудыг хийснээр Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх төсөл бүрэн утгаар хэрэгжиж, Баян-Өлгий аймаг Азийн авто замын нэгдсэн сүлжээнд холбогдох юм.

Холбоотой мэдээ