АНУ-Мексикийн хилийн "Итгэл найдварын хаалга"-ыг нээжээ

Дэлхийд | Нийгэм
nyamtulga@montsame.mn
2016-05-05 12:27:02

ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Хилийн хяналтын алба “Итгэл найдварын хаалга” гэдэг АНУ-Мексикийн хилийн дагуу барьсан хашааны хаалгыг гурван минутын хугацаагаар нээж, хилийн хоёр талд амьдардаг ахан дүүс, хамаатан саднуудад нүүр учран уулзах боломжийг олгожээ. Энэ мөчид удаан хугацаанд хүсэн хүлээж байсан хүмүүс бие биенээ тэврэн үнсч, баярын нулимс унагаж байлаа.

“Итгэл найдварын хаалга” нь “Нөхөрлөлийн цэцэрлэгт хүрээлэн” орчимд байдаг бөгөөд тус хүрээлэнд хилийн хашааны хоёр талд амьдардаг гэр бүлүүд бямба, ням гарагуудад цугларч, хашааны хоёр талаас бие биенээ хардаг байжээ.

Дөрөвдүгээр сарын 30-нд төрөл садангуудтайгаа уулзахаар уг хаалгаар нэвтрэх эрхийг авсан хүмүүсийн дунд Габриэла Эспарца гэдэг эмэгтэй байв. Тэрбээр “СNN” телевизэд ярилцлага өгөхдөө “Ээж, эгчтэйгээ уулзаад бид шууд л уйлж эхэлсэн. Тэднийг хамгийн сүүлд би 16 настай байхдаа харсан. Харин би одоо ээж болж, гэр бүлтэй болсон. Ийм үйл явдал тохиож байгаад би итгэж чадахгүй байна” гэж байлаа.

Эспарца хүүхэд байхдаа Америкт ирсэн хүмүүст зориулсан хөтөлбөрт хамрагдсан аж. Тэрбээр 2014 оны АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн гаргасан зарлигын өгөөжийг хүртсэн хүмүүсийн нэг юм. Уг зарлигаар залуу цагаачдыг хамгаалж, тэдэнд хоёр жилийн турш хуулийн  дагуу хөдөлмөр эрхлэх боломжийг олгожээ.

Дөрөвдүгээр сарын 30-нд болсон уг арга хэмжээг Мексикийн “Хүүхдийн өдөр”-т зориулан “Хилийн сахиусан тэнгэрүүд” гэдэг Сан Диего хотын ашгийн бус байгууллага зохион байгуулсан байна. Тус байгууллага цагаачлалын хуулийг шинэчлэхийг дэмждэг аж.

Д.Нямтулга

 

 

 

Холбоотой мэдээ