Египет дотоодын аялал жуулчлалаа сэргээнэ

Дэлхийд | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-06 13:55:45

КАИР. /TASS/. Египет 5 дугаар сарын 15-наас эхлэн зөвхөн дотоодын аялал жуулчлалд зориулж амралтын газрууд дахь зочид буудлуудынхаа үйл ажиллагааг сэргээхээр төлөвлөж байна. 


Al Ahram” цахим хуудасны мэдээлснээр, Засгийн газар аялал жуулчлалын салбарыг сэргээх зорилгоор коронавирусний цар тахлын улмаас авсан хязгаарлалтуудыг аажмаар цуцалж эхлээд байгаа аж. Дотоодын аялагчдад зориулж үйл ажиллагаагаа явуулахдаа зочид буудлуудын удирдлага Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжүүдийн дагуу урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг дагаж мөрдөх ёстой аж.  


Тухайлбал, Аялал жуулчлалын яамнаас гаргасан захирамжийн дагуу эхний ээлжинд зочид буудлуудын ачааллыг 25 хувьд байлгах ёстой бол 6 дугаар сарын эхээр 50 хувь болгож нэмэгдүүлэх боломжтой ажээ.


Заавар, зөвлөмжийг чанд дагаж мөрдөж буй зочид буудлууд л үйлчлүүлэгчдийнхээ тоог нэмэгдүүлж болох бөгөөд дүрэм журмыг зөрчсөн тохиолдолд үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг нь хүчингүй болгоно  гэдгийг Египетийн Аялал жуулчлалын сайд Халед Ахмед аль-Анани анхааруулжээ. 


Аялал жуулчлалын салбар хохирол амсаж байна

Өнгөрсөн онд Египетийн аялал жуулчлалын салбараас олсон ашиг орлого анх удаа 13 тэрбум ам.долларт хүрч, 2010 онд тэмдэглэгдсэн 12.5 тэрбум ам.доллар хэмээх түүхэн дээд амжилтыг эвджээ. Өнгөрсөн онд тус улсыг 13.1 сая жуулчин зорьсон нь 2010 оноос хойших хамгийн дээд үзүүлэлт болсон байна. Цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор зочид буудлуудыг хаасны улмаас тус улсын аялал жуулчлалын салбар ихээхэн хохирол амсаад байна.


Цар тахлын улмаас Египет 3 дугаар сарын 19-нөөс эхлэн гадаад ертөнцөөс тусгаарлагдаж, бүх нислэгийг цуцлах тухайгаа зарлажээ. Тийнхүү хөл хорионы үеэр дийлэнх зочид буудал хаалгаа барьж, гадаадын жуулчид амралтын газруудыг орхисноор улаан тэнгисийн эрэг хоосрох болсон байна. 

Холбоотой мэдээ