Нью-Йоркт цогцос түр хадгалах газар шинээр нээгджээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-06 10:31:10

НЬЮ-ЙОРК. /CNN/. Коронавирусний үр дагаврын улмаас Нью-Йорк хотын оршуулгын газруудад ихээхэн ачаалал үүссэнтэй холбоотойгоор Бруклин дүүрэгт цогцос түр хадгалах газрыг шинээр ашиглалтанд оруулжээ.


Шинээр нээгдсэн моргт коронавирусний халдвар авсны улмаас нас барсан хүмүүсийг цогцсыг хадгалах аж. Хотын цогцос хадгалах газруудын ачааллыг буруулж, нас барсан хүмүүсийн төрөл садан, ойр дотныхонд цогцсыг авч явахад нь илүү их хугацаа өгөх зорилгоор ийм газар шинээр нээжээ.  


Бруклин дүүргийн захирагч Эрик Адамс өнгөрсөн даваа  гарагт оршуулгын товчоо, цогцос түр хадгалах газрын төлөөлөгчид болон эмнэлгийн шинжээчид, шашны зүтгэлтнүүдтэй зөвлөлджээ.  


“Нас барсан хүмүүсийн тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор сүүлийн долоо хоногуудад оршуулгын газрууд ачаалал ихтэй байгаа. Олон арван цогцос ачсан “U-Haul” ачааны машин Бруклин дүүргийн Флэтлендс оршуулгын товчооноос холгүй олдсон нь үүний нэг тод жишээ болсон билээ. Бруклин дүүргийн захирагч Адамс болон хэсэг бүлэг хүмүүс талийгаачдыг хүндэтгэж, эцсийн замд нь амар тайван үдэх боломжийг ойр дотны хүмүүст нь олгох асуудлыг шийдвэрлэх арга замыг хэлэлцлээ” гэж дүүргийн эрх баригчдын цахим хуудаст мэдээлсэн байна. 


АНУ-д коронавирусний халдварын 1237633 тохиолдол бүртгэгдсэн байна. Халдвар авсны улмаас 72271 хүн нас баржээ. Нью-Йорк муж улсад халдварт өвчний нөхцөл байдал илүү хурцадмал байгаа юм. 

Холбоотой мэдээ