Хөдөөгийн иргэд нарийн шинжилгээ өгөхийн тулд аймгийн төвийг зорих шаардлагагүй боллоо

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2020-05-06 09:23:12

Дорнод /МОНЦАМЭ/. Хөдөөгийн сумдын иргэд шээс, цус, биохимийн шинжилгээ өгөх гэж аймгийн төвийг зорих шаардлагагүй боллоо. Учир нь сумдын Эрүүл мэндийн төвүүдэд нэн шаардлагатай багаж, тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэж өгсөн байна.

Тодруулбал, биохимийн хагас автомат анализатор, гематологийн аппарат, нярайн инкубатор, иммунологийн шинжилгээний “Ичирома-2” аппарат, төрөх ор, шарлалт хэмжих багаж, өвчний хяналтын монитор, цогцос хадгалах хөргөгч зэргээр хангажээ. ОНХС-гийн хөрөнгөөр хоёр дахь жилдээ сумдын ЭМТ-үүдийн үйл ажиллагааг ийнхүү дэмжиж буй нь анхан шатны эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээг сайжруулах, тэр хэрээр өвчлөлийг эрт үед нь оношлох, эмчлүүлэх боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой юм.

Дорнод аймгийн хувьд эрүүл мэндийн салбартаа орон нутгийн хөгжлийн сан, орон нутгийн төсвөөсөө хамгийн их хөрөнгө зарцуулдаг гэхэд болно. Цаашид ч сумын эрүүл мэндийн төвүүд, Хэрлэн сумын ӨЭМТ-үүдийн материаллаг бааз, боловсон хүчин, тоног төхөөрөмжийг сайжруулах тал дээр онцгой анхаарна гэж аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн ярив. Иргэд анхан шатны ЭМТ-дөө түлхүү ханддаг болсноор БОЭТ-ийн ачаалал буурна. 

Холбоотой мэдээ