БНСУ-ын Засгийн газар 30 мянган түргэн оношлуур хандивлалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
nandintsetseg@montsame.gov.mn
2020-05-05 15:21:13
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын Засгийн газраас коронавирусний халдварын 30 мянган түргэн оношлуурыг хүмүүнлэгийн тусламж болгон хандивласныг БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ли Ё-Хун өнөөдөр Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өглөө.


Хандив гардуулах ажиллагаанд КОЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллага, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон ЭМЯ-ны холбогдох газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд оролцов.


Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "COVID-19" халдвар дэлхийн 215 улс орон, нутаг дэвсгэрийг хамарч, 3.6 сая хүн өвчилж, 251 мянган хүн нас барж, 1.1 сая хүн эдгэрч эмнэлгээс гарч, өдөрт шинээр 70-100 мянган хүн халдвар авч байгааг мэдээлэхийн зэрэгцээ коронавирусний халдварын тархалтыг тогтоох, яаралтай болон тандалт судалгаааны зорилгоор ашиглахад нэн шаардлагатай БНСУ-ын SD Biosensor үйлдвэрлэгчийн түргэн оношлуурыг Монгол Улсад хүлээлгэн өгч байгаад талархал илэрхийлэв.


Элчин сайд Ли Ё-Хун хэлэхдээ, БНСУ-ын Засгийн газраас нийт 250,000 ам.долларын өртөг бүхий оношлуурыг Монгол Улсын Засгийн газарт олгох бөгөөд эхний ээлжинд 30 мянган түргэн оношлуурыг хүлээлгэн өгч байгаа нь дэлхий нийтэд хурдацтай тархаж буй халдварыг хамтдаа туулах Солонгосын ард иргэдийн сэтгэл шингэсэн дэмжлэг туслалцаа болохыг тэмдэглэлээ.


Мөн тэрээр энэ онд Монгол, Солонгос улсын дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байгаа ба өнгөрсөн хугацаанд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа бүхий л чиглэлээр эрчимтэй хөгжиж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Монгол Улсын Засгийн газраас коронавирусний халдварын эсрэг авч буй арга хэмжээ, хийж хэрэгжүүлж буй ажлууд нь үр дүнтэй байгааг онцлон тэмдэглэв. 





Холбоотой мэдээ