Баян-Өлгийн гурван иргэн “Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийн үндэсний жагсаалт”-д бүртгэлтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-05-05 12:25:13

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 475 дугаар тогтоолоор баталсан “Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийн үндэсний жагсаалт”-д улсын хэмжээнд 102 хүн орсон байдаг. Үүнээс Баян-Өлгий аймгийн гурван иргэн өвлөн уламжлагчаар бүртгэгджээ. 

УИХ-аас 2017 онд баталсан Соёлын өвийг хамгаалах тухай хуулиар соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санал болгосноор соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийн үндэсний болон түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтыг тус тус баталж хамгаалахаар заасан байдаг.

Жагсаалтад орсон хүмүүсийн мэдээллийг доор танилцуулж байна.

1. Бадарын Папизан.


Адай-Иргид овогт Б.Папизан нь 1957 онд Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд төрсөн. Тува хөөмийн урлагийг сурталчлан таниулах, хөгжүүлэх, хүүхэд багачуудад өвлүүлэн үлдээх үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулсан ардын авьяастан юм. Зөвхөн хөөмий тоглоод зогсохгүй үндэсний хөгжмийн зэмсгүүдийг урлан хийдгээрээ олон нийтэд танигдсан. Тэрээр 2000 онд экил хөгжим, 2001 онд аман хуур, 2001 онд хамрын хөгжим, 2002 онд цуур хөгжмийг урласан байна.

2010 онд Монгол Улсын Тэргүүний уран сайханч, 2012 онд Монгол Улсын Тэргүүний ардын авьяастан, 2015 онд Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгүүдийг тус тус хүртэж байжээ.

Б.Папизан 2016 онд хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байна.


2. Абдолдагийн Енбек.


Цуур хөгжимчин. 1960 онд Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд төржээ. Казахын ард түмний “сыбызгы” буюу цуур хөгжмийг гарамгай тоглодгоороо орон нутагт төдийгүй эх орондоо, хөрш зэргэлдээ ОХУ, Казахстан Улсад танигдсан нэгэн.

Казахын ард түмний ардын хөгжмийн аяуудыг тоглохоос гадна бие дааж “Санасан сэтгэл” /1998/, “Хайгын Жел Мая” /2000/,  “Эхийн булаг” /2013/, “Таванбогд” /2015/, “Жороо морь” /2016/, “Асан” /2019/ зэрэг зургаан цуур хөгжмийн ая зохиожээ.

Улсын хэмжээнд зохион байгуулсан Урлагийн их наадамд /1996, 2012, 2013, 2014, 2016, 2018/ 6 удаа оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байжээ.

Монгол Улсын Тэргүүний уран сайханч /1996/, “Монгол Улсын 100 авьяастан” /2010/-ны нэг.

Тэрээр 2009 онд ЮНЕСКО-гийн “Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалт”-д орсон байна.  


3. Бүркитханы Хайзым.


Б.Хайзым нь 1956 онд Баян-Өлгий аймгийн Сагсай суманд төрсөн. Казахын ард түмний уламжлалт бүргэдээр ан хийх урлагийг гарамгай эзэмшсэн ахмад бүргэдчин.

2011 онд Монгол Улсын “Шилдэг бүргэдчин”, 2013 онд Казахстан Улсад зохион байгуулсан Олон улсын бүргэдийн баяраас хүрэл медаль, 2014 онд ОХУ-ын Кош-Агач мужид болсон Бүргэдчдийн тэмцээнээс хүрэл медаль тус тус хүртэж байжээ.

 

 

Холбоотой мэдээ