Төмөр замчдын эрүүл мэндийн манаанд зогссон эмч бүсгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УБТЗ ӨНӨӨДӨР
khandmaa@montsame.gov.mn
2020-05-05 16:25:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УБТЗ-ын Төв эмнэлгийн поликлиникийн нүдний их эмч, УБТЗ-ын 2019 оны мэргэжлийн аварга  Х.Ургамалцэцэгийг ярилцлагынхаа зочноор урилаа.

Шугам замаар дүүрэн ах дүү
Хөргийн маань баатрыг төмөр замчид “Нүдний Ургаа эмч” гэж дотночилдог. Ер нь, түүнийг бүтэн нэрнээс нь илүү энэ нэрээр нь таних байх. Тэр тусмаа шугам замын төмөр замчид өөрийн ах дүү шиг дотно. Зарим нь бүр эрхлэх маягтай. Шугам замынхан эрүүл мэндийн үзлэгийн хуудсаа барьчихаад үүдээр нь “Ургаа эмчээ, үзлэгийн цаг авах гэсэн чинь дотор, мэдрэлийн өнөөдрийн цаг байдаггүй. Оройдоо буцмаар байна” гэж цухалзацгаах нь энүүхэнд. Тэр тоолонд Х.Ургамалцэцэг эмч ажлаа түр хойш тавин дагуулж очоод “Алив найз аа, манай энэ шугам замынх. Өнөө орой буцах гээд...”гэж гуйна. Эмч нар ч “Манай Ургаа эмч шугам замаар дүүрэн ах дүүтэй хүн шүү” гээд л хошигнон “оочир дайруулна”. Үнэндээ, Өмнөговийн уугуул түүнд төмөр зам дагуу ямар ах дүү байх вэ дээ. Дөнгөж сургууль төгсөөд л энэ эмнэлгийн босгоор алхсанаар төмөр замчдын жаргал зовлонг хуваалцсан 28 жил түүнийг ийм олон ах дүүтэй болгожээ.
        -Ажил мэргэжилдээ биеэ үл хайрлан чин үнэнчээр дурласан хүмүүс бол манай төмөр замчид шүү дээ. Тиймээс би тэдэндээ хайртай байдаг юм. Ялангуяа, манай замчид хүн чанар “ханхалсан” сайхан хүмүүс шүү гэж тэрээр сэтгэл хөдлөн өгүүлсэн юм.
“Урд зам нэг үе элсэнд дарагдаж, замчид өдөр, шөнийг ялгалгүй элс хүрзэддэг байлаа. Тэр үед үзлэгт орохоор ирсэн замчдын нүд, чихний омгоор дүүрэн элс шигчихсэн орж ирдэгсэн. Тэглээ гээд “Ажил хүнд байна” гэж гомдоллох нэг ч замчинтай таарч байсангүй. Бас нэг удаа хойд замд үзлэгээр явж байтал зүс таних галт тэрэгний найруулагч залуу орж ирлээ. Галт тэрэгний найруулагчийн ажлын хүнд хэцүүг зах цухаас нь гадарлах болохоор “Танай өртөөнд нэг аятайхан ажлын байр гарч байгаа гэж сонслоо. Миний дүү ажлаа соливол яасан юм. Ядаж дулаан байранд сууна шүү дээ” гэтэл тэр залуу “Ургаа эмчээ, миний ажил чинь гоё шүү дээ. Өвөл хацарт нус, шанаанд нулимс хөлдчихсөн салхи сөрөөд л галт тэрэгнээс зүүгдэж явах ч хийморьтой шүү дээ” гэхээр нь “За, чи битгий даваадуулаад бай” гэтэл “Үнээн, би танд юу гэж худлаа хэлэх вэ дээ. Гэхдээ л би ажилдаа үнэхээр дуртай” гэчихээд гарч байсан нь санаанаас гардаггүй юм. Би төмөр замчидтайгаа энэ мэт сайхан буу халчихна” гээд инээнэ.
Түүний сэтгэл төмөр замчдад ийм ойрхон болохоор хэнд ч сэтгэл, цаг хоёрыг харамладаггүй. Зарим тэвчээргүй нэг нь үзлэгийнх нь үеэр байн байн хаалга онголзуулдаг ч тэрээр уцаарлахгүй. Тийм хүмүүст сэтгэл гаргаж үйлчлээд л гаргана.

Эмээ, өвөө нарын хайртай охин

Х.Ургамалцэцэг эмч долоон хүүхэдтэй айлын отгон охин. Тэр ч утгаараа ахмад хүмүүсийг ээж аав шигээ хүндэтгэнэ.
“Миний ажил мэргэжил ч залуус гэхээсээ ахмадуудтай илүү ойр ажиллах юм даа. Олон жил ажиллачихаар төмөр замынхаа эмээ, өвөө нарыг андахгүй. Заримыг нь, ирэхгүй удахаар нь араас нь санаа зовно. Тэнгэрт одсон нэгний сураг дуулбал сэтгэл хөндүүрлээд хэсэгтээ эвгүй. Хүний л амьдрал юм хойно үр хүүхдүүдээ дагаад ийш тийш шилжиж, ач зээ нараа харж байгаад ирлээ гээд нэг нь ороод ирвэл аав ээжээ хүрээд ирсэн шиг баярлана. Хууч дэлгэнэ. Зарим нь энгэртээ одон медаль, ойн тэмдэг зүүгээд ирэхэд нь “Өө, та минь ямар сайхан шагнал хүртээ вэ” гээд угтахад нүд нь сэргээд л явчихна. Гундуухан яваа нэгнийг нь ороод ирвэл “Амьдрал ахуй, жаргал зовлонг нь сонсоод тайтгаруулаад гаргахад тулж явсан таягаа, өмсөж явсан малгайгаа мартаад сэвэлзтэл алхаад гарна. Ахмадуудыг сэтгэлээр давхар эмчлэх нь илүү үр дүнтэй байдаг юм. Бид чинь сэтгэлийн амьтан шүү дээ. Тэр тусмаа эмч хүнд сэтгэл дутаж болохгүй юм билээ. Үүнийг би өөрийнхөө амьдралаас ойлгосон гэсэн юм.
Хэдэн жилийн өмнө бага хүүгээ эмнэлэг дээрээ авчирч нэг эмчид үзүүлж л дээ. Тэр эмч мэдлэг чадвартай мундаг нэгэн байж. Хүүд нь ширээний цаанаас гараа хүргээд л оношийг нь яг таг хэлээд л гаргаж. Х.Ургамалцэцэг эмч ч “Ганц гараа хүргээд л оношилдог манай энэ эмч мундаг шүү” гэж бодож. Гэтэл хүү нь гарч ирээд “Ээжээ та энэ эмнэлэгт олон жил ажиллачихаад ямар нэр хүндгүй юм бэ. Тэр эмч чинь намайг огт тоосонгүй. Ширээнийхээ цаанаас гараа хүргээд л гаргачихлаа” гэсэн гэдэг. Тэгэхэд л ямар ч мундаг мэдлэг чадвартай эмч байсан өвчтөндөө сэтгэл гаргаж, их бага гэлтгүй хүндэтгэлтэй хандах ёстой юм байна гэж бодсон гэдэг. “Тиймээс ч таньж мэдэх төмөр замчин, хамтран зүтгэгч нарынхаа ах дүү, үр хүүхэд нь ороод ирвэл “Манай ... мундаг хүн дээ. Яасан мундаг хүүтэй, охинтой юм” гэж үг харамлахгүй. Үүний цаана хүний нэр хүнд, итгэл үнэмшил байдаг. Над дээр орж ирээд аав, ээжээрээ, ах эгчээрээ бахархаад гараг л дээ. Хүнд сайхан үг хэлэх ч сайхан шүү дээ.
Миний аав ээж бидэнд “Ядарсан, сандарсан, яарсан тэвдсэн хэнд ч тус болж яваарай” гэж захьдаг сан. Тэр миний суурь хүмүүжил юм даа” гэв.

Бахархал дүүрэн бага нас

Тэрбээр, Өмнийн цэнхэр говийн охин. “Бага насны минь хамгийн том бахархал минь аав, ээж хоёр минь” хэмээсэн.
Түүний аав,ээж хоёр Өмнөговийн уугуул улс. Гэхдээ ажилч хичээнгүйгээрээ үлгэрлэм хүмүүс байсныг тэр сэтгэл догдлон өгүүллээ. Аав ээж, хоёр нь залуудаа мал хуйгаа нэгдэлд нийгэмчилчихээд аймгийн төвд ирж суурьшин ажилчин болсон аж. Түүний аав Д.Хутаг аймгийн артелд жолооч,ээж нь оёдолчин болжээ. Гэхдээ аав нь Оросын цэргийн хогон дээрээс “Зис-5” машин өөрийн гараар босгож, нэг үгээр хэлэхэд өөрийнхөө хувийн машиныг унаж очоод аймгийнхаа Артелд жолооч болсон гэдэг. Хувийнхаа машинаар улсын ажил олон жил залгуулсан аав нь, Ургамалцэцэгийг дөрөвдүгээр ангид байхад бурхан болжээ.
“Аав минь өөд болохынхоо өмнө “Зис-5” машинаа кинонд тоглуулчих юмсан  гэж ярьдаг байлаа. Бид аавынхаа хүслийг биелүүлэх гэж найз нөхдөөр нь дамжуулж захиж байгаад машиныг нь “Монгол кино” үйлдвэрт бэлэглэсэн. Тухайн үед аавын машиныг хотоос хүмүүс “Маз” пүүлэн машинтай очиж, ачиж аваад явсан. Аав минь өөрийнхөө машиныг дэлгэцэнд мөнхрөхийг хараагүй ч “Монгол кино” үйлдвэрт бэлэг болгон өгөөд өнгөрсөн дөө. Хөдөөгийн бид араас нь эрэл сурал хийж, ямар нэгэн кинонд аавын машин тоглосон эсэхийг мэдээгүй. Гэхдээ хожим “Хурд” хамтлагийн “Аавдаа” дууны клипэнд аавын машин гардаг. Бид ч хараад шууд л таньсан. Аавын минь машин аавын тухай сайхан дууны клипэнд мөнхөрсөн байсан даа. Зах зээлийн үед кино үйлдвэр тарж бутарсан болохоор бид хожим аавынхаа машиныг хаа байдаг бол гэж эрэл сурал хийгээд олсон шүү. Одоо хуучны машин цуглуулдаг хүний хувийн цуглуулгад байна билээ. Аавын минь гараар бүтээгдсэн янзаараа... Хэрэв аавынхаа машиныг авъя гэвэл хэд вэ гэхэд тэнгэрт хадсан үнэ хэлсэн. Тухайн үед улаан хүрээтэй баярын бичгээр л өгөөд явуулсан аавын минь машин хожим хойно ийм их үнэд хүрнэ гэдгийг бид зүүдлээ ч үгүй. Аавын машины суудлын олбог, аавын хийсэн модон номын сан, эмийн санг нь хэвээрээ байсныг бид дурсгал болгож авсан. Дүү маань өөр машиныг яг аавын “Зис5” машин шиг засаж, номер дугаарыг нь авч хийгээд гурван жилийн өмнө Өмнөговь аймгийн Автотээврийн  газрын өмнө хүндэтгэлийн зогсоолд тавьсан.
Миний ээж Ч.Шар гэж хүн байлаа. Ээж минь ихэр хүн л дээ. Эрэгтэй ихэр нь бор, ээж шар хүүхэд байж. Нутгийнхан нь тэр хоёрыг Бор, Шар гэж дуудсаар байгаад жинхэнэ нэр нь мартагдаж, албан ёсны бичиг баримт дээр Бор, Шар бичигдсэн гэдэг юм. Ээж минь маш их хөдөлмөрч, мундаг хүн байлаа. Бидэнд “Хүний сурсан эрдмийг хэн ч булаахгүй. Ажил хөдөлмөр хийж сур, эрдэм номд шамд” гэж үргэлж захьдагсан. Аав минь эрт өөд болсон болохоор бид хэдийг бүгдийг нь өсгөж өндийлгөж, ажилтай мэргэжилтэй хүний зэрэгт хүргэхэд ээж минь ганцаараа зүтгэсэн дээ. Ээж минь сайхан урт насалж, үр хүүхдүүд бидэндээ олон жил өмөг түшиг болоод өөд болсон доо” гэлээ.

Эмч болох урт зам

Түүнийг багаас нь л гэрийнхэн нь “Эмч болоорой. Чи л эмч болно” гэдэг байж. Тиймээс мэргэжил сонголт дээр огт эргэлзэж тээнэгэлзэх хэрэг гараагүй гэдэг. Дунд сургууль төгсөх жил нь Өмнөговь аймагт анагаахын таван хуваарь иржээ. Хоёр хүүхэд шууд үндсэн ангид элсэж, гурван хүүхэд анагаахын бэлтгэл ангид орсны нэг нь Х.Ургамалцэцэг байв. Тэр жилээс Анагаахын бэлтгэл анги нээгдэж, эхний элсэгчдийн нэг болсон нь хувьтай гэмээр. Бэлтгэл ангийнхан аль нэг эмнэлэгт асрагч хийхийн хажуугаар суралцдагаараа онцлогтой. Өөрөөр хэлбэл, ирээдүйн эмч нарыг энэ ажил мэргэжлийг багаас нь суралцуулах эхний туршилт гэхэд болох аж. Бэлтгэл ангийн нэг хүү, хоёр охины хамт дөрвүүлээ, нэгдүгээр төрөхөд хуваарилагдсан байна.
        -Тэр үед биднийг хүлээж авсан Нэгдүгээр төрөхийнхөн үнэхээр сайхан хамт олон байсан. Манай ангийн зарим хүүхдийг очсон эмнэлгийнхэн нь хаширтал нь шал угаалгадаг байлаа. Харин  биднийг барагтай шал угаалгахгүй. Та нар ирээдүйн эмч нар, одооноос эх барихад суралц гэнэ. Цонхны цаанаас хүн төрөхийг анх хараад ухаан алдатлаа айж билээ. Харин сүүлдээ ургийн ус хагалах хэмжээнд хүрчихсэн байсан. Тиймээс би төгсөөд эх барих эмч болно гэж боддог байлаа. Биднийг оюутан болох үед Анагаахын дээд сургуульд ерөнхий эмчилгээний, хүүхдийн, шүдний гэсэн гурван мэргэжлээр төгсгөдөг байв.Төгсгөөд хэсэг ажилласны дараа л нарийн мэргэжлээр цааш нь сонгон суралцуулдаг байсан. Би сургуулиа 1992 онд төгсөөд төмөр замын Төв эмнэлэгт ирсэн. Тухайн үед төмөр замын эмнэлгийн нэгэн үе солигдож байсан юм болов уу даа. Манай төгсөлтөөс бараг арваад хүүхэд төмөр замын эмнэлэгт ирсэн. Зарим нь шугам замд хуваарилагдсан. Хамт төгсөж ирсэн эмч нараас Төв эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Б.Дашбалжин, Статистикийн тасгийн эрхлэгч Б.Нанжаа эмч бид гурав л үлдэж дээ. Намайг төгсөөд ирэхэд Хүлээн авах, эрчимт эмчилгээний тасаг нэг бүтэцтэй байсан. Ингээд Хүлээн авахын эмчээр томилогдсон. Эрчимт эмчилгээний эмч нь Г.Равдан гуай байсан. Хүлээн авахад жил орчим ажиллаад амбулаторийн дотрын эмчээр ажиллаж байгаад, ХЭГ-ын (Удирдах газар) эмчээр хоёр жил гаруй ажилласан. 1996 оноос нүдний эмчийн мэргэжил олгох курсэд явсан. Уг нь, нүдний эмч болно гэж огт бодоогүй. Эх барих эмэгтэйчүүдийн эмч, эсвэл мэс заслын эмч болно гэж боддог байлаа. Гэтэл 1996 онд миний хүссэн хоёр мэргэжлийн хуваарь ирээгүй. Тэгээд л бодож байгаад нүдний эмч чинь мэс ажилбар хийдэг юм чинь гээд сонгосон доо. Түүнээс хойш нүдний эмчээр ажиллаж байна даа гэж тэрээр эмч болж төмөр замтай амьдралаа холбосноо дурсан ярилаа.

Шавийн эрдэм багшаас, зулын гэрэл тосноос

Би сайн багшийн шавь болсон азтай хүн. Миний багш Монгол Улсын гавьяат эмч, доктор, профессор Э.Санжаа шүү дээ. Багш минь саяхан тэнгэрт одлоо хэмээн тэрээр гунигтай өгүүлэв.Түүнийг нүдний эмч болоод ирэхэд нь Төв эмнэлгийн нүдний эмч Б.Ямар-Очир, хүүхдийн нүдний эмч н.Сувдмаа нар тосож авчээ. Б.Ямар-Очир эмч түүнийг хагалгаанд туслах эмчээр оролцуулна.Шинэхэн эмч мэргэжилдээ ид дурлаж, хагалгаа гардан хийхийг хүсэж байсан ч Б.Ямар-Очир эмч  “Чи болоогүй ээ” сайн хараад ав гэнэ.
Мөн Төв эмнэлгийн нүдний эмчээр ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан Очирбат гэж өвөрмонгол хүн байж. Х.Ургамалцэцэг эмчид ирж нүдээ үзүүлнэ. Тэгэхдээ залуу эмчээс үнэтэй үг сургаалиа харамлахгүй. Нэг удаа өвгөн эмч “Чи кардон цаасыг тамхины цаас шиг болтол нь зүсэж сур. Тэгж байж гар чинь эвлэнэ” гэсэн гэдэг. Түүнээс хойш зав л гарвал сахлын хутга хугалж бэлтгээд түүгээрээ кардон зүсэж суух.
       Нүд гэдэг нарийн бүтэцтэй эмзэг эрхтнийг гадна дотногүй судалж, мэдэрч байж л сайн эмч болно гэж тэр хичээж байлаа. Заримдаа хараагүй хүнд ямар мэдрэмж төрдөг бол гэж нүдээ аниад ханаа түшээд явах, юм тэмтрээд суух үе ч байж. Тэр болгонд нөхөр нь яагаад ингээд байгааг нь гайхдаг байж. Ингэж ажил мэргэжилдээ зүрх сэтгэлээ бүрэн зориулсан түүнд одоо төмөр замчдын хайр хүндлэл зүй ёсоор иржээ.
Хэдэн жилийн өмнө төмөр замчдаас нүдний хараагаар тэнцэхгүй гэдэг шалтгаанаар дуртай ажил мэргэжлээ хийх боломжгүй болох харамсалтай тохиолдлууд байсан. Одоо бол техник технологи хөгжиж нүдний өвчлөлийг эрт үед нь илрүүлэн эмчлэх болсноор тийм тохиолдол гарахаа больжээ. Харин Б.Ургамалцэцэг өсвөр үеийнхэнд нүдний хараа муудах тохиолдол элбэг байгаад сэтгэл зовниж явдаг гэсэн юм. Ер нь, техник технологийн хөгжил, хүмүүсийн амьдралын хэв маягаас шалтгаалан хүүхэд залуусын дунд “Эрин зууны өвчлөл” буюу нүдний хараа, сонсгол муудах өвчлөл түгээмэл байх болжээ. Тиймээс эцэг эхчүүдэд хүүхэддээ илүү анхаарал хандуулж байхыг хүссэн юм.

Б.Ургамалцэцэг ах дүү нараасаа ганцаараа эмч мэргэжил эзэмшсэн бол түүнийг дагаж ах эгч нарынх нь хүүхдүүдээс эмч болсоннь цөөнгүй  гэлээ. Тэр бас, ах дүү нараасаа ганц төмөр замын хүн. Хаана хэзээ ч төмөр замаа л магтаж, бахархаж явах. Тиймээс, түүний хань, ах дүү нар нь төмөр замд элэгтэй улс. Том охин нь хуульч, хүү нь компьютерийн программист мэргэжил эзэмшжээ. Охинд нь төмөр замд хайртай ээжийнх нь нөлөө байсан уу нэг л өдөр охин нь  “би төмөр замд ажиллах боллоо” гээд ороод иржээ.
Тэрбээр, “Төмөр замын эмнэлэгт ирж ажиллах болсон минь их энгийн. Оюутан байхад манай гэр Ханбүргэдэйн хажууд нүүж ирээд ойрхон цомхон аятайхан эмнэлэгт орж ажиллая гэж бодсон доо. Ер нь, энэ миний хувь тавилан байсан юм байлгүй дээ” хэмээн өгүүлэв.
Бидний урт яриа өндөрлөж, эмчийн зургийг авах болоход В.Лхамсүрэн сувилагч “Эмчээ та толгойн алчуураа сольчих. Танд энэ нь илүү зохьдог” гэсээр цаад өрөөнөөсөө алчуур бариад ирэв. Тэдний харилцаа их дотно, эерүү. Ургаа эмч “В.Лхамсүрэнтэйгээ зургаа дахь жилдээ хамт ажиллаж байна. Бид хоёр харцаараа л ойлголцдог улс даа. Сувилагч хүн бол эмчийн баруун гар нь байдаг. Миний хамгийн дотны туслагч зөвлөгч” гэж сувилагчаа магтлаа.
Ийм нэгэн эерүү зөөлөн сэтгэл халгисан эмч бүсгүйг төмөр замчид андахгүй тул илүү ихийг өгүүлэлгүй тэмдэглэлээ өндөрлөлөө.                                                                        
                                                                                                                                                                    Сэтгүүлч Б.Гүнжинлхам

Холбоотой мэдээ