“Хүүхдэд ээлтэй гудамж” байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-05-05 01:00:59
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртынгол баг “Хүүхдэд ээлтэй гудамж” байгууллаа. Уг гудамжны хашаан дээр хүүхдийн эрх зөрчигдсөн тохиолдлыг мэдээлэх утасны дугаар бичжээ.

Тухайлбал, Хүүхдийн тусламжийн 108 болон Цагдаагийн газрын 102, Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдыг хамгаалах 7035-6001 дугаарыг томоор бичжээ. Ингэснээр иргэд хаана, хэнд хандахаа  мэдэж авна гэсэн үг юм. Эл ажлыг хүүхэд хамгааллын сарын аяны хүрээнд хийсэн байна. Тодруулбал, Орхон аймаг Эх, үрсийн баярыг угтаж хүүхэд хамгааллын нэг сарын аян зарлажээ. Үүний хүрээнд Баян-Өндөр сумын нийгмийн ажилтнууд “Хүүхдэд ээлтэй гудамж” байгуулсан нь энэ юм.

Дашрамд дурдахад, Орхон аймаг хоёр жил тутам “Хүүхдэд ээлтэй баг” шалгаруулдаг бөгөөд 2014 онд Говил, Цагаанчулуут баг тодорч байсан юм.

Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ