Тасганы овооноос Баянбүрдийн тойрог хүртэлх замын засвар энэ сарын 13-нд дуусна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-05-04 17:04:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянгол дүүрэгт Тасганы овооноос Баянбүрдийн тойрог хүртэлх 1.09 км замын засвар шинэчлэлтийн ажил өнгөрсөн 7 хоногоос эхлээд байна. 

Энэ нь улсын болон нийслэлийн төсвөөр энэ онд Улаанбаатар хотод шинээр тавих нийт 52 км авто зам, 17.8 км уулзвар шинэчлэлтийн ажлын нэг хэсэг нь юм гэдгийг нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээвэр хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх өнөөдөр газар дээр нь мэдээллээ. 

Тасганы овооноос Баянбүрдийн тойрог хүртэлх зам засварын ажлыг "Улаанбаатар зам засвар" арчлалтын газраас хийж гүйцэтгэж байна. Хэдийгээр цар тахалтай холбоотойгоор хүндрэлүүд байгаа ч бүтээн байгуулалтын ажлаа зогсоохгүйгээр ДЭМБ болон эрүүл мэндийн байгууллагуудын өгсөн заавар зөвлөмжийн дагуу халдвар, хамгааллыг сахиж, аюулгүй байдлын хүрээнд ажиллаж байна. Замыг засах ажил энэ сарын 13-нд дуусна гэв.


"Тасганы овооны замыг 1989 онд тавьснаас хойш томоохон хэмжээний засварын ажил хийгдээгүй 30 жил болжээ. Яг одоо цементээр бэхжүүлсэн суурийг хийж байна. Нийслэлийн замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор иргэдээс саналууд их ирсэн. Тухайлбал, хотын зах руу хатуу хучилттай зам тавих шаардлагатай гэх санал их ирсэн учраас 2020 оны бүтээн байгуулалтын зам засвар, шинэчлэлтийн ажлуудаа ихэнхийг нь захын хороод, дүүргүүд рүү хийхээр төлөвлөсөн. Мөн явган хүний зам, ногоон байгууламж, ус зайлуулах шугам зэрэг замтай холбоотой бусад дэд бүтцийн ажлыг цогцоор нь хийнэ” гэв.

"Улаанбаатар зам засвар, арчлалтын газар"-ын ерөнхий инженер Б.Баатархүү "Өнөөдөр замын суурины боловсруулалтын ажлыг хийж байна. Сууриа тэгшилж, нягтруулаад дараагийн ажилд орно. Төлөвлөгөө, графикийн дагуу тавдугаар сарын 13-нд энэ хэсгийн замыг нээж урд урсгалаа хойд эгнээ рүү шилжүүлнэ. Шулуун хэсгээ дуусгасны дараа явган хүний замыг мөн засна” гэв.


Холбоотой мэдээ