Бүтэн өнчин хоёр иргэнд гэр олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-05-04 10:37:53

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн Засаг дарга Д.Байгалмаа, “Таван шүтээн ЛХА” ТББ хамтран “Таны тус багадахгүй” аян зохион байгуулжээ.

Тус аяны хүрээнд Буянт багийн иргэн болох бүтэн өнчин эгч, дүү хоёрыг гэртэй болгох зорилт дэвшүүлсэн аж. Ингээд хоёр сарын хугацаанд үргэлжилсэн тус аяны үр дүнд 5 ханатай гэр авч өгөв.

“Таны тус багадахгүй” аянд Буянт багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж, албан байгууллага болон иргэд нэгдсэн байна.   

Тодруулбал, аяны үйл ажиллагаанд Зэвсэгт хүчний 123 дугаар анги, 9 болон 6 дугаар цэцэрлэг, Домбот, Өндөр хөхий, Нутаг хүнсний дэлгүүр, Татварын хэлтэс, УЦУОШТ-ийн хамт олон тус тус оролцсон юм. Мөн Буянт багийн 15 иргэн сэтгэлийн хандив өгчээ.

Буянт багийн иргэн Л.Цагаанцоож нь эгчтэйгээ хамт амьдардаг.  Эцэг эх нь өөд болсноос хойш өөрийн гэсэн гэргүй найз нөхөд, хөршийн гэрт амьдарч байжээ.

Иргэн Л.Цагаанцоож 1 жилийн хугацаат цэргийн алба хаасан бөгөөд Хөгжил Политехник коллежид цахилгаанчин мэргэжлээр суралцаж төгссөн. Гэхдээ байнгын ажлын байртай болж чадаагүй байсан юм. Харин энэхүү аяны хүрээнд Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн гэрээт цэргийн албанд ажилд оруулжээ.

Ийнхүү олон хүний сэтгэлийн хандив, тусламж дэмжлэгээр бүтэн өнчин эгч. дүү хоёр өөрийн гэсэн гэртэй, ажлын байртай боллоо.

Холбоотой мэдээ