Испанид нийтийн тээврийн үйлчлүүлэгчид амны хаалт заавал зүүх шаардлагатай болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-05-03 11:11:11

МАДРИД. /BBC/. Испанид хөл хориог аажмаар сулруулж буйтай холбоотойгоор даваа гаргаас нийтийн тээврээр үйлчлүүлэгчдийг амны хаалт заавал зүүхийг шаардахаар болжээ.


“Засгийн газар нийтийн тээврийн газруудад зургаан сая амны хаалт, орон нутгийн үйлчилгээний газруудад долоон сая амны хаалт тараана” гэж Ерөнхий сайд Педро Санчез мэдэгдсэн байна.


Испанид насанд хүрэгчдийг гадаа дасгал хийхийг бямба гаргаас зөвшөөрч эхэлсэн бөгөөд үүнийг сүүлийн долоон долоо хоногийн турш хориглоод байжээ. Мөн өнгөрсөн долоо хоногоос 14-өөс доош насны хүүхдүүд гадуур гарах боломжтой болсон юм.


Европын орнуудад 

Европын бусад оронд мөн адил хөл хориог сулруулж байгаа боловч зайнаас харилцах хатуу дүрмийг баримтлахыг шаардаж байгаа ажээ. Мөн зарим оронд дэлгүүр, нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэгчид амны хаалт зүүх шаардлагатай болжээ.


  • Их Британид “Eurostar” төмөр замын үйлчилгээгээр үйлчлүүлэгчид даваа гаргаас амны хаалт юм уу нүүрний хаалт зүүх шаардлагатай болно. Франц, Бельгийн Засгийн газар өмнө нь ийм шийдвэр гаргасан юм. 
  • Францад орон даяар тогтоосон онцгой байдлын арга хэмжээнүүдийг долдугаар сарын 24 хүртэл сунгах төлөвлөгөөг танилцуулжээ. Уг арга хэмжээнүүдийн дагуу Засгийн газар коронавирустэй тэмцэх хязгаарлалтууд тогтоох эрх мэдэлтэй болно. Гэсэн хэдий ч тус улсад энэ сарын сүүлээс зарим хязгаарлалтыг сулруулна.
  • Австрид жижиг дэлгүүрүүдийг хоёр долоо хоногийн өмнөөс нээсэн бол одоо бүх дэлгүүр үйл ажиллагаа явуулах боломжтой болжээ. Мөн үсчин, гоо сайхны салонууд нээгджээ.
  • Унгарт зарим орон руу бизнес аялал хийхийг зөвшөөрчээ.
  • Германд сүм, музей, тоглоомын талбайг даваа гаргаас нээнэ. 
Холбоотой мэдээ