70423512, 70422003 утсаар шүүхийн мэдээлэл лавлагаа, хууль, эрх зүйн зөвлөгөө өгч байна

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-05-01 15:56:51

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар жил бүрийн тавдугаар сарын 1-ний өдрийг “Хуульчийн про боно өдөр” болгон зарласан бөгөөд орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

Энэ жилийн хувьд “Ковид-19” халдвараас сэргийлж олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосон тул хэвлэл мэдээллийн байгууллага, цахим сүлжээг ашиглан иргэдэд хууль эрх зүйн мэдлэг олгох, зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулж байна хэмээн уг холбооны Баян-Өлгий аймаг дахь салбарын зохицуулагч Б.Раушан мэдээллээ.

Тухайлбал, өнөөдөр тус аймаг дахь Анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас 70423512, Прокурорын газраас 70422003 утсаар иргэдэд шүүхийн мэдээлэл, лавлагаа, хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөө өгч байгаа аж.

Харин улсын хэмжээнд Хуульчдын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгчид Улсын Ерөнхий прокурорын газар, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Монголын нотариатчдын танхимтай хамтран иргэдтэй харилцах 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаар бүхий утас ажиллуулж байна.  

Монголын Хуульчдын холбоо болон өмгөөллийн “ЭмЖэйЭл Атторнейс” ХХН-ийн фэйсбүүк хуудсаар 14:00-16:00 цагийн хооронд "лайв"-аар иргэдэд хууль эрх зүйн анхан шатны зөвлөгөө өгнө. Мөн иргэд www.iLaw.mn цахим хуудас болон iLaw апликэйшнээр видео дуудлага хийж, өмгөөлөгчөөс хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө авах боломжтой ажээ.

Холбоотой мэдээ