АНУ-ын шоронд хоригдож байсан орос залуу нас баржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-05-04 16:56:51

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-Мексикийн хил орчмоос баривчлагдсан орос залуу нас барсан тухай мэдээлэл гарсныг АНУ-ын Цагаачлалын болон Гаалийн алба өчигдөр нотлов.

Өдгөө 46 настай Игорь Зязин гэгч Оросын иргэн Сан Диего хотын “Otay” хорих ангиас эмнэлэг рүү хүргэгдэх замдаа нас барсан байна. Үүний өмнөхөн шоронгийн ажилтнууд болон эмнэлгийнхэн түүнийг ухаан алдсан байсныг олж мэджээ.

Зязин нь Сан – Исидро хилийн шалган нэвтрүүлэх цэгээр өөрийн ОХУ-ын паспортыг үзүүлэн нэвтрэх гэж оролдох үедээ Цагаачлалын болон Гаалийн албанд баривчлагдаж, дөрөвдүгээр сарын 24-нд хоригдсон байна. Түүнийг 2009 онд АНУ-аас албадан гаргаж байсныг хилийн хяналтынхан тогтоожээ.

Тэрбээр хоригдож байх хугацаандаа  Цагаачлалын албаныхантай уулзаж, цаашид яах ёстойг асуухаар хүлээж байсан байна. Мэдээллийн санг ашиглан түүний талаарх мэдээллийг шалгахад тэрбээр АНУ-д гэмт хэрэгт холбогдон ял шийтгүүлж байгаагүй гэдэг нь тогтоогдсон гэж Цагаачлалын болон Гаалийн алба мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ