Лос-Анжелес хотын бүх иргэнд коронавирусний шинжилгээг үнэгүй хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-04-30 16:09:21

ЛОС-АНЖЕЛЕС. /TASS/. АНУ-ын Лос-Анжелес хотын эрх баригчид өвчний шинж тэмдэг илэрсэн эсэхээс үл хамааран оршин суугчдадаа шинэ коронавирусний шинжилгээг үнэ төлбөргүй хийхээр болсныг тус хотын дарга Эрик Гарсетти твиттер хуудсандаа мэдэгдэв.


“Лос-Анжелес хот бүх иргэндээ коронавирусний үнэгүй шинжилгээ санал болгож буй Америкийн анхны том хот болсныг зарлаж байна. Өвчний шинж тэмдэг илэрсэн иргэдэд давуу эрх олгоно, гэхдээ бусад хүмүүс ч шинжилгээнд хамрагдах боломжтой” гэж Гарсетти онцлон тэмдэглэжээ.


Энэхүү үйлчилгээнд заавал хамрагдах шаардлагагүй гэдгийг тэрбээр цохон хэлсэн байна. “Халдвар авсан хүмүүстэй харьцаагүй болон гэрээсээ гадагш гараагүй иргэд шинжилгээ хийлгэхгүй байж болно” гэж Лос-Анжелес хотын дарга хэллээ.


Түүний хэлснээр, амьжиргааны түвшин доогуур иргэд амьдардаг дүүргүүдэд коронавирусний халдвараар нас барсан тохиолдол улсын дундаж үзүүлэлтээс дөрөв дахин их байгаа учир бүх хүнийг шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах шийдвэр гаргасан байна. Одоогийн байдлаар Лос-Анжелес хотод  өдөр бүр 18 мянга орчим хүнд шинжилгээ хийх боломжтой байгаа аж. Тус хот 3.9 сая хүн амтай байна.


Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээллээр, Лос-Анжелест коронавирусний халдварын 21 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, нас барсан хүний тоо 1000 давжээ.


Холбоотой мэдээ