Эзэнгүй багаж хэрэгслүүд Сүхбаатарын талбайд "жагсана"
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Маргааш буюу 5 дугаар сарын 1-ний өдрийг МҮХАҮТ-аас “Ажлын байрны өдөр” болгон зарлалаа. Энэ хүрээнд "COVID-19" цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямралыг төр засаг хувийн хэвшлийнхэнтэй хамтран даван туулахыг уриалж “Монголын ажилтай иргэдийн төлөө нэгдэцгээе” цахим жагсаалыг цахим орчинд болон “Эзэнгүй багаж хэрэгслийн жагсаал”-ыг Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.
Жил бүрийн энэ өдрийг дэлхий дахинд Олон улсын Хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр болгон тэмдэглэсээр ирсэн түүхтэй. Анх 1886 оны 5 сарын 1-нд АНУ, Канадын үйлдвэрүүд олныг хамарсан жагсаал хийж, анх удаа ажлын найман цагтай байхыг шаардан тэмцэж байжээ.
Цахим жагсаалд оролцож буй бизнес эрхлэгчид, ААН-үүд “Пикет” буюу ажлын байран дахь ажил хаялтыг 5-р сарын 1-ний өглөө 9:30-10:15 цагийн хооронд зарлана. Түүнчлэн өөрсдийн бизнест тулгарч буй асуудлыг LIVE-аар мэдэгдэх, албан ёсны цахим хуудас, фэйсбүүк хуудсаараа уриалга, уриа лоозон барьсан зургаа нийтлэх гэх мэтээр ямар ч хэлбэрээр нэгдэх боломжтой аж.
Мөн өдөр 8:30-17:00 цагт Сүхбаатарын талбайд хоосон сандал, оёдлын машин, компьютер, барилгын малгай, ажлын хантааз, алх хадаас зэрэг багаж хэрэгслүүд "жагсаж", COVID-19 цар тахлын үед ажлын байрны цомхотголд орсон, ажлаасаа халагдсан хүмүүсийн дуу хоолойг илэрхийлнэ. Үүгээр эдийн засгаа эрчимжүүлэх, ажлын байрыг хадгалах дорвитой арга хэмжээ авахгүй бол эзэнгүй багаж хэрэгслүүд энэ мэтээр нэмэгдсээр байхыг төр засаг, нийгэмд сануулах юм.
Цахим жагсаалаар төр хувийн хэвшил эдийн засгийн хямралыг ХАМТЫН ХҮЧЭЭР ДАВАХ, эдийн засгийг эрчимжүүлэх төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх ТҮР ХОРОО ЯАРАЛТАЙ БАЙГУУЛАХ, хувийн хэвшил, ААН, мэргэжлийн холбоод ЭВЛЭЛДЭН НЭГДЭХ-ийг шаардана.
Мөн МҮХАҮТ-аас дэвшүүлж буй Эдийн засгийг эрчимжүүлэх саналыг 2020 оны сонгуульд нэр дэвшихээ зарласан бүх намын ЕНБД нарт хүргүүлэх бөгөөд энэхүү саналыг намууд мөрийн хөтөлбөрт тусган хэрэгжүүлбэл 2025 он гэхэд Монгол Улсын эдийн засаг 2 дахин өсөх боломжтойг судалгаа харуулжээ.
Одоогоор цахим жагсаалд нэгдэхээ МҮХАҮТ-ын гишүүн болон гишүүн бус 500 гаруй ААН мэдэгдэж ажлын байранд хэрэглэдэг багаж хэрэгслүүдээ нийлүүлж байна.