Ливаны цэргүүд Бейрутын гудамжинд эргүүл хийж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БЕЙРУТ. /TASS/. Ливаны нийслэл Бейрут хотод мягмар гарагт болсон эсэргүүцлийн жагсаалд оролцогчдыг тус улсын армийн цэргүүд тарааж, гол гудамжуудыг хяналтандаа авсан гэж "Al-Akhbar" сонин мэдээлжээ.
Нүдээр үзсэн хүмүүсийн мэдээлснээр, нийслэл хотын төвд, мөн мусульман шашинтнуудын Барбир, Рас-эн-Набаа, Корниш-Мазра, Кас-Кас болон Кола хороололд цэргүүд болон жагсагчдын хооронд мөргөлдөөн болж, шөнө орой хүртэл үргэлжилжээ. Цэргүүд түрэмгий авирласан жагсагчдыг тараахын тулд агаарт хэд хэдэн удаа хий буудсан байна.
Жагсагчид шөнө Хамра гудамжинд дахин цугласан боловч цэргүүд тэдний эсрэг нулимс асгаруулагч хий бүхий гар бөмбөг хэрэглэж, Ливаны Төв банк байрладаг барилгад ойртуулаагүй байна. Ливаны үндэстний мөнгөн тэмдэгтийн ханш хоёр дахин унаж, улмаар хүнсний бүтээгдэхүүний үнэ 60 орчим хувиар нэмэгдсэн нь тус улсад эсэргүүцлийн ажиллагаа дахин эхлэх шалтгаан болжээ. Жагсагчид эрх баригчдаас нийгмийнхээ эрхийг хамгаалахыг, мөн коронавирустэй тэмцэх зорилгоор гуравдугаар сард авсан онцгой арга хэмжээний улмаас учирсан хохирлын нөхөн төлбөр олгохыг шаардсан байна.