Мессигийн фен хүү эх орноосоо дүрвэхээс аргагүйд хүрчээ

Дэлхийд | Спорт
sarnai@montsame.mn
2016-05-04 14:34:28

ИСЛАМАБАД. /CNN/. Хөх судалтай гялгар уутаар 10 дугаартай өмсгөлийг нь орлуулан өмссөн Мессиг шүтэн бишрэгч афган хүүгийн тухай мэдээ нэг хэсэг сошиал ертөнцийг шуугиулж байсан билээ.

Тэгвэл 5 настай афган хүү үүнээсээ болоод сүрдүүлэн заналхийлсэн утасны дуудлага байнга хүлээн авах болжээ. Хүүгийн аав Мохаммад Ариф Ахмади гэр бүлийн хамт хөрш Пакистан улсын Куетта хотод нүүж ирсэн тухайгаа “CNN”-д ярьсан байна. Хүүгийн гялгар уутан өмсгөлтэй зураг Мессигийн сэтгэлийг ихэд хөдөлгөсөн тул НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан хүүд тамирчны өмсгөл болон гарын үсэгтэй бөмбөг илгээсэн юм. Үүний дараа бяцхан хүү байнга сүрдүүлгэд өртөх болсон байна.

“Афганистанд байхад надад 20-30 сүрдүүлсэн дуудлага ирсэн. Намайг хүүхдээ хөл бөмбөгөөр хүмүүжүүлж байна, Коран судраар хүмүүжүүлэхгүй  байна хэмээн буруутгадаг байсан” хэмээн хүүгийн аав ярьжээ.

Аюул заналхийллээс залхсан  тэдний гэр бүл 40 хоногийн өмнөөс Пакистан руу нүүхээр шийдсэн байна.

Тэрбээр “эх нутгаа орхих бодолгүй байсан ч нөхцөл байдал улам бүр аюултай болсон тул дүрвэхээс өөр аргагүйд хүрсэн" гэдгээ учирлан ярилаа.

Хүү одоо өөрийн гэр бүлийн хамтаар Пакистанд сарын 50 долларын үнэтэй байр хөлслөн амьдарч байгаа бөгөөд тэдний хамаатан саднууд Пакистанд байдаг ажээ. Хөлбөмбөгийн үнэнч фэн хүү одоо гадаа хөл бөмбөг тоглох үедээ “Би Мессид хайртай. Түүнтэй удахгүй уулзана" хэмээн ярьдаг гэнэ.

Х.Сарнай

 

 

 

 

Холбоотой мэдээ