Архангай аймгийн хэмжээнд теле хичээлд хамрагдалт 77,1 хувьтай байна

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-04-29 09:36:09

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 30 сургууль үйл ажиллагаа явуулж байна.  Дээрх сургуулиудад нийтдээ 18192 хүүхэд суралцаж байгаа ба эдгээр хүүхдүүд бүгд теле хичээлд хамрагдах ёстой. Аймгийн Боловсрол соёл урлагийн газар теле хичээлийн мэдээллийг долоо хоног бүрийн баасан гарагт авч, нэгтгэн үр дүнг тооцож байна. 4-р сарын 21-ний байдлаар нийт сурагчдын 77,1 хувь нь теле хичээлд  хамрагдаж байна гэсэн судалгаа гарчээ.

Теле хичээлд малчин өрхийн хүүхдүүдийн хамрагдалт тааруу, тэр дундаа бага ангийн хүүхдүүдийн хамрагдалт муу байна гэдгийг багш нар хэлж байгаа юм. Архангай аймгийн хэмжээнд бага ангид 9302 хүүхэд суралцдаг. Эдгээр хүүхдүүдээс 78 хувь нь теле хичээлээ үзэж байгаа бол 30 орчим хувь нь теле хичээлээ үзээгүй байгаа юм. Хөдөө орон нутгийн хүүхдүүдийн хичээлд хамрагдаж амжихгүй байгаа гол шатгаан нь мал төллөлтийн үе давхцаж байгаатай холбоотой гэнэ.

Малчин өрхийн хүүхдүүдийн хичээлийн хамрагдалтыг нэмэгдүүлэх чиглэлээр шат шатны арга хэмжээг авч байгааг хэлж байв. Тухайлбал, малчны хотонд байгаа хүүхдүүдийн гарт хэвлэсэн хичээлүүдийг хүргүүлж, хүүхдүүд ч боломжоороо хичээлээ хийж байна. Өндөр-Улаан, Батцэнгэл, Өлзийт, Ихтамир сумын багш нар малчин өрхүүдээр явж, хүүхэд, эцэг эхчүүдэд зөвлөмж өгч, даалгавар өгөн ажиллаж байгаа.  Энэ туршлагыг бүх суманд хэрэгжүүлэх ажлыг БСУГ-аас анхааран ажиллаж байна.

Холбоотой мэдээ