БНАСАУ-ын хэвлэлүүд Ким Жөн Уны үйл ажиллагааны талаар мэдээлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-04-26 11:03:26

МОСКВА. /RIA Novosti/. Ням гаргийн өглөө БНАСАУ-ын төрийн радио тус улсын удирдагч Ким Жөн Уны үйл ажиллагааны талаар мэдээллээ гэж Өмнөд Солонгосын “Yonhap” агентлаг уламжиллаа. Энэ мэдээ түүнийг өвдсөн, нас барсан гэсэн цуурхал гараад байгаа үед гарч байгаа юм.


Тус радиостанцаар "нөхөр Ким Жөн Ун Самжиён хотыг байгуулахад чин сэтгэлээсээ тусалсан ажилчид, ажилтнуудад талархал илэрхийлэв" гэж мэдээлжээ. Талархлыг ямар хэлбэрээр дамжуулсныг тодорхой дурдаагүй байна. Өнгөрсөн жилийн сүүлчээр шинэ бүтээн байгуулалтыг ёслол төгөлдөр дуусгасан бөгөөд ёслолын ажиллагаанд Ким Жөн Ун оролцсон юм.


Үүнээс гадна, Ким Жөн Ун пүрэв гарагт ОХУ-ын Коммунист намын дарга Геннадий Зюгановоос түүний ОХУ-д хийсэн айлчлалынх нь нэг жилийн ойг тохиолдуулан илгээсэн баярын цахилгаан хүлээн авлаа гэж БНАСАУ-ын төрийн мэдлийн Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KSNA/ бямба гарагт мэдээлжээ.


БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга олон нийтийн арга хэмжээнд оролцсон эсвэл ямар нэгэн шалгалт хийсэн талаар одоогоор шинэ мэдээ байхгүй байна. Ким Жөн Уны хамгийн сүүлийн зураг тэрбээр Умард Солонгосын Агаарын цэргийн хүчинд шалгалт хийсэн тухай "KSNA" агентлагийн цахим хуудсанд дөрөвдүгээр сарын 12-нд гарсан мэдээлэлд нийтлэгджээ.  


Ким Жөн Ун зүрхний мэс засал хийлгэсний дараа эмчлүүлж байна гэж Өмнөд Солонгосын “Daily NK” цахим хэвлэлд мэдээлсний дараа хэвлэл мэдээллийн хэд хэдэн хэрэгсэл болон нийгмийн сүлжээнүүдэд БНАСАУ-ын удирдагчийн бие муудсан гэх цуурхал тарсан юм. Зарим хэвлэлүүд нийгмийн сүлжээн дэх нийтлэлээс иш татан БНАСАУ-ын удирдагчийг нас барсан байж болзошгүй гэж мэдээлж эхэлсэн. Харин Ким Жөн Уны биеийн байдал муу байгаа гэх мэдээллийг БНХАУ, БНСУ-ын Засгийн газрын эх сурвалжууд үгүйсгэсэн юм.


Холбоотой мэдээ