Малжуулах үйл ажиллагаа Чандмань, Цэцэг суманд...

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-04-27 11:49:33

Ховд /МОНЦАМЭ/. Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр буюу малжуулах үйл ажиллагаа Ховд аймгийн  Чандмань, Цэцэг суманд хэрхэн хэрэгжсэн тухай сурвалжиллаа. 

 

Чандмань суманд 14 малчинг малжуулжээ


Ховд аймгийн ХХҮГ-аас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтээр зургаан хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Эдгээр хөтөлбөрүүдийн хүрээнд Чандмань суманд нийт 101 иргэнд 90.5 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгож, хөдөлмөр эрхлэлтийн үйл ажиллагааг эрчимжүүлжээ. Тодруулбал, Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 2017-2019 онд Чандмань сумын нийт 14 малчныг малжуулсан байна.   

Чандмань сум нь мал аж ахуйн үйлдвэрлэлд түшиглэн хөгжиж байгаа учраас алслагдсан бүс нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, өрхийн орлого нэмэгдүүлэх, ажлын байр шинээр бий болгоход эдгээр хөтөлбөрүүд чухал ач холбогдолтой гэж албаныхан онцоллоо. Ийнхүү “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-т хамрагдсан зарим малчны ажил үйлстэй танилцав.


Б.Сумъяа: Малчин хүн хөдөлмөрлөхөд мал сүрэг өсөх нь хурдан


Чандмань сумын Баянхайрхан багийн малчин Б.Сумъяа 2003 оноос эхлэн мал маллаж байна. Эднийх сумын төвөөс 43 км зайд Бадрахын тал гэх газарт хаваржиж байна. Малчин Б.Сумъяагийнх анх цөөн тооны буюу 100 гаруй малтай байсан. Улмаар 2017 онд Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт хамрагдаж, 100 орчим бог мал авсан нь эхнээсээ үр өгөөжөө өгч байна. Тэр байгаль цаг уурын эрс тэс уур амьсгалд дасан зохицож, тууштай хөдөлмөрлөсөөр одоо 300 гаруй толгой малтай боллоо. Энэ жил 100 гаруй төл авсан. Мал маллах хүсэлтэй залуучууд тус хөтөлбөрт хамрагдах хэрэгтэй. Мал маллах үнэхээр сайхан. Дөрвөн улирлын турш мал маллагааны зөв арга туршлагыг хэрэгжүүлэх, ахмадуудаас суралцах учиртай. Ер нь малчин хүн  хөдөлмөрлөж байхад мал сүрэг өсөж үржих нь бас л хурдан байдаг хэмээв.     


Г.Төгсцогт: Бэлчээрийг хамгаалах нь чухал


Чандмань сумын Тахилт багийн малчин Г.Төгсцогтынх сумын төвөөс 26 км зайд буюу Хөв гэх газарт хаваржиж байна. Тэрбээр 2010 оноос эхлэн мал маллаж байгаа. 2019 онд Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт хамрагдан 68 эм ямаа авч, мал сүрэг өсөн үржсээр 130 гаруй тоо толгойд хүрчээ. Энэ жил хаваржилт хэвийн байгаа бөгөөд 80 орчим төл хүлээн авсан аж. Залуу малчин Г.Төгсцогт хэлэхдээ: Орон нутгийн бэлчээрийн бүсийг хамгаалах нь чухал бөгөөд малын ашиг шимийг дээшлүүлэхэд анхаардаг. Голдуу эм ямаа өсгөх сонирхолтой гэлээ.



Б.Хосбаяр: Цөөн тооны малтай өрхөд малжуулах үйл ажиллагаа бодит дэмжлэг болдог


Чандмань сумын Тахилт багийн малчин Б.Хосбаярынх сумын төвөөс 32 км зайд Хашаат гэх газарт хаваржиж байна. Тэрбээр 2005 оноос эхлэн мал маллаж байгаа. 2018 онд Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт хамрагдаж 80 эм ямаа авах замаар малын тоо толгойг арвижуулжээ. Өдгөө 200 гаруй толгой малтай. Тэрбээр хэлэхдээ: Сүүлийн үед  хаврын налгар өдрүүд үргэлжилж 80 орчим төл авсан. Цөөн тооны малтай өрхөд малжуулах үйл ажиллагаа бодит дэмжлэг болдог. Малын гаралтай түүхий эдийг зах зээлд нийлүүлж ашиг орлоготой болж байна гэв.




Цэцэг суманд 15 малчныг малжуулжээ  


Ховд аймгийн ХХҮГ-аас хэрэгжүүлж байгаа Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт 2017-2019 онд Цэцэг сумын 15 малчныг малжуулжээ. 


Цэцэг сумын Хажинга багийн малчин Т.Ганзориг 8 жил мал маллаж байна. Анх 150 орчим малтай байсан. Улмаар Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт хамрагдаж 90 бог мал авчээ. Ингээд мал сүрэг жилээс жилд өсөн үржиж 300 гаруй тоо толгойд хүрээд байна. Энэ жил байгаль дэлхий өнгөө засаж, урин хаврын налгар өдрүүд үргэлжилж байгаа тул 150 орчим төл авчээ.  Түүний гэргий С.Ууганцэцэг хэлэхдээ: Манайх сумын төвийн захад хаваржиж байна. Бид сумынхаа иргэдэд сүү нийлүүлдэг. Сум орон нутагт ажилгүй иргэд олон бий. Гэхдээ бид ажил олдохгүй байна гэж шантраагүй. Өөрийн нөөц боломжид тулгуурлан мал маллахаар шийдсэн. Малын тоо толгой өсөхийн хажуугаар малаас авах ашиг шим, өгөөж нэмэгдэж байна гэв.


Малчин хүний шаргуу хөдөлмөрийн үр шимийг хүртэж байна


Цэцэг сумын Баяновоо багийн залуу малчин Д.Ганзориг өнгөрсөн 2018 онд 100 гаруй мал тоолуулж байсан. Улмаар тухайн онд Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт хамрагдаж, 55 ишигтэй ямаа авчээ. 2019 онд цаг агаар нөхцөл байдал тааруу, бэрхшээлтэй байсан ч 90 гаруй төл авсан. Харин энэ жил хаваржилт хэвийн байгаа тул төл малын хорогдолгүй, бас л 100 орчим төл авсан аж. Мал сүрэг жилээс жилд өсөн үржиж өдгөө 450 гаруй толгой малтай боллоо. Малчин хүний шаргуу хөдөлмөрийн үр шимийг хүртэж байна. Үүний зэрэгцээ залуу малчдыг дэмжсэн уг хөтөлбөрт хамрагдсандаа талархалтай байна гэж түүний гэргий Б.Чимгээ онцоллоо.   






Ж.Чулуунбаатар: Чанартай, цөөхөн тооны мал өсгөхийг зорьдог


Цэцэг сумын Хажинга багийн малчин Ж.Чулуунбаатар сумын төвөөс 30 км зайд “Урт” гэх газарт хаваржиж байна. Тэднийх 2019 онд Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт хамрагдаж, 73 бог мал авч, малын тоо толгойг өсгөн 300 гаруй малтай болоод байна. Энэ жил Цэцэг сумын нутгаар өвөл нь өнөтэй байж, урин хаврын налгар өдрүүд үргэлжилж 200 гаруй төл шинээр хүлээн авчээ. Жил бүр бэлчээрийн бүс нутаг хумигдаж, газрын доройтол үүсч байгаа учраас чанартай, цөөхөн тооны мал өсгөхийг зорьдог гэж малчин Ж.Чулуунбаатар ярьж байлаа.



Ийнхүү хөдөө орон нутгийн малчдыг дэмжсэнээр мал маллагааны арга ажиллагаа өргөжиж, өрхийн орлого сайжирч байгаа гэж албаны эх сурвалж онцлон хэлэв.



Холбоотой мэдээ