“Бронкс” амьтны хүрээлэнгийн өөр долоон амьтнаас халдвар илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
khulan@montsame.gov.mn
2020-04-24 16:31:40

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Нью-Йорк хотын “Бронкс” амьтны хүрээлэнгийн муурын овгийн өөр долоон амьтанд коронавирусний халдвар илэрсэн гэж Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг /WCS/ мэдээллээ. Уг амьтны хүрээлэнгийн эмэгчин бараас энэ сарын эхээр халдвар илэрсэн юм.


Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийн мэдээлснээр, “Надиа” хэмээх бард халдвар илрэх үед буюу энэ сарын эхэн үеэс гурван бар, гурван арсланд халдварын шинж тэмдгүүд илэрч эхэлсэн бөгөөд шинжилгээ хийхэд бүгд “эерэг” буюу халдвартай гарчээ. Тэдгээр амьтан ханиаж байсан бол өөр нэгэн бард ямар ч шинж тэмдэг илрээгүй боловч мөн халдвар авсан байжээ.


“Амьтад коронавирусээр халдварласан ажилтнаас халдвар авсан бөгөөд тухайн үед уг ажилтанд шинж тэмдэг илрээгүй байсан” гэж “Бронкс” амьтны хүрээлэн мэдээлжээ. Уг амьтны хүрээлэн өнгөрсөн гуравдугаар сарын дундуур хаагджээ. Амьтдын биеийн байдал одоо сайжирсан бөгөөд хоолоо сайн идэж байгаагаас гадна нэг их ханиахаа больсон байна. 

Холбоотой мэдээ