Ойгоос хууль бусаар мод бэлтгэсэн хэрэг он гарсаар 16 бүртгэгдээд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-04-22 17:04:58

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Бат-Өлзий сумын "Агуйт" гэх газраас иргэн Д нь хууль бусаар шинэс мод огтолж, 668 ширхэг цуулбар унь, мөн иргэн Ч, Ч нар нь 15 ширхэг шинэс модыг хууль бусаар бэлтгэн тээвэрлэсэн гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна.

Тус сумын нутаг дэвсгэрт байрлах ногоон бүсийн ойгоос нойтон мод бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдан борлуулсан гэмт хэрэг 2020 он гарсаар 16 бүртгэгдээд байгаа аж. Тиймээс энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт, шалгалтыг Цагдаагийн газраас зохион байгуулан ажиллаж байна.

Хууль бусаар мод бэлтгэвэл Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлд заасны дагуу дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх хуультай аж.

Холбоотой мэдээ