Д.Трамп: БНАСАУ-ын удирдагчийн биеийн байдлын талаар мэдэхгүй байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /Yonhap/.
Би БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны
биеийн байдлын талаар мэдэхгүй байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.
Ким Жөн Уныг хүнд өвдсөн байж магадгүй гэж зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээлээд байгаа юм.
Д.Трамп Цагаан
ордонд болсон коронавирусний асуудлаарх хэвлэлийн бага хурлын үеэр, “Тийм мэдээ
гарсан байсан. Бид энэ талаар мэдэхгүй байна” гэж хэлжээ. Мөн тэрбээр, Би түүнд
сайн сайхныг хүсэж байна. Хэрэв тэрбээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлсэнтэй ижил нөхцөл байдалд байгаа бол та нарын мэдэж байгаачлан маш хүнд байгаа гэж хэлсэн
байна.
Мөн АНУ-ын
Ерөнхийлөгч “CNN” сувгийн
мэдээнд нэг их итгэдэггүй хэмээн хэлжээ. “Ким Жөн Уны биеийн байдал мэс засалд орсны
дараа “маш хүнд байна” гэх мэдээллийг АНУ шалгаж байна” гэж “CNN” АНУ-ын нэрээ нууцалсан төлөөлөгчийн
мэдээллийг иш татан уламжилсан юм.
“Тэд маш ноцтой
мэдээ гаргасан. Үүнийг нотолсон хүн байхгүй” гэж Д.Трамп хэлжээ. Ким Жөн Уны халааг
авах хүний талаар түүнээс асуухад хариулахаас татгалжээ. Мөн Ким Жөн Унтай холбогдож, биеийн
байдлыг нь асуухыг төлөвлөж байгаа эсэхийг лавлахад тэрбээр нааштай хариулт өгсөн боловч
би тэдгээр мэдээг үнэн эсэхийг мэдэхгүй байна гэж дахин хэлжээ.
БНАСАУ-ын талаар мэдээлдэг БНСУ-ын “Daily NK” хэмээх цахим сонинд Ким Жөн Ун зүрхний мэс засалд орсны дараа эмчилгээ хийлгэж байгаа хэмээн мэдээлсний дараа “CNN” дээр дурдсан мэдээг нийтэлсэн байна.
БНСУ-ын эрх баригчид
Ким Жөн Уны биеийн байдлын талаарх мэдээнүүдийг эс хайхарч, түүний бие өвдсөн гэх
шинж тэмдэг ажиглагдаагүй гэж мэдээлжээ.
БНАСАУ-ыг үүсгэн
байгуулагч Ким Ир Сений мэндэлсний 108 жилийн ойг тохиолдуулан өнгөрсөн лхагва
гарагт Кымсусан ордонд зохион байгуулсан ёслолын арга хэмжээнд Ким Жөн Ун анх
удаа оролцоогүйн дараа түүнд юу тохиолдсон талаарх таамаглалууд гарч эхэлжээ.
“Ким Жөн Ун эрх баригч Хөдөлмөрийн намын улс төрийн товчооны хурлыг даргалсан” гэж БНАСАУ-ын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд удирдагчийнхаа талаар хамгийн сүүлд буюу энэ сарын 11-нд мэдээлжээ.
"Ким Жөн Унаас саяхан
“сайхан захидал” хүлээн авсан" гэж Д.Трамп өнгөрсөн бямба гарагт мэдэгдсэн
боловч БНАСАУ-ын тал уг мэдээллийг няцаасан юм. БНАСАУ-ын цөмийн зэвсгийн
хөтөлбөрийг татан буулгах хэлэлцээ зогсонги байдалд орсон хэдий ч хоёр орны
удирдагчид хувийн захидал солилцсон хэвээр байгаа юм.
АНУ-ыг хориг арга
хэмжээнүүдээ сулруулахын хариуд БНАСАУ цөмийн зэвсгээсээ ангижрах тохиролцоонд
хүрэхийн тулд талууд 2018 онд нэг, 2019 онд хоёр удаа буюу нийт гурван удаа
уулзсан боловч 2019 оны хоёрдугаар сард болсон хоёр дахь дээд хэмжээний хэмжээний
уулзалт хэлэлцээргүйгээр өндөрлөснөөс хойш хоёр талын хэлэлцээний эрч суларчээ.