Өлзийт суманд толгойгүй ишиг гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-04-21 17:43:41
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Өлзийт сумын 1, 2-р багт нутагладаг малчны хотонд 30 гаруй хурга хөл дээрээ босч чадалгүй, хэвтэж байгаад үхсэн төдийгүй толгойгүй ишиг гарчээ.

Тус сумын 1, 2-р багийн нутагт 10 км орчим радиуст нутагладаг 10 гаруй малчин өрх энэхүү хачин үзэгдлийг “уран”- ы хор уршиг хэмээн үзэж байна. Тодруулбал, Чех, Монголын хамтарсан “Гурван сайхан” компани энэ нутагт ашигт малтмалын ашиглалтын MV-020629 дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшдэг бөгөөд 1994 оноос ураны хайгуул хийж, цаашлаад ураны олборлолтын үйлдвэр барих тухай яригдан нутгийн иргэд эсэргүүцэж байгаа юм.

Түүнээс хойш өнөөг хүртэл энэ нутгийн мал тодорхойгүй өвчлөлөөр бөөнөөр үхэх, урьд байгаагүй гажигтай төл гарах, идшэнд хэрэглэсэн болон гэнэт үхсэн малын гэдэс, дотор эрхтэн идээ бээр, наалдацтай, тодорхой бус өвчлөлтэй байгаа гэдгийг нутгийн малчид ярьж байна.

Албан ёсоор судалгаа хийгээгүй ч гэсэн ураны хайгуул хийж эхэлснээс хойш энэ орчимд нутагладаг хүн амын дунд хорт хавдар болон бусад өвчний өвчлөл, нас баралт нэмэгдсэн гэдгийг ч тэд ажиглажээ.

1994 оноос хойш ураны хайгуул хийж эхэлсэн үеэс л иргэд эсэргүүцэж эхэлжээ. Учир нь тус компани тэр хавийн худаг усыг шавхаад, өрмөндөө аваачиж хийгээд, тэр хонхроор дүүрэн цэнхэр өнгөтэй ус урсгаад, тэрийг нь мал ууж хордож үхээд, тэр үеэс л “уран” гэж хортой, зэвсэг хийдэг эд байна гэж мэдээд л эсэргүүцсэн хэмээн иргэн Н.Батбаяр хэллээ.

Түүнээс хойш мал тодорхойгүй шалтгаанаар тав, арваараа байнга үхэж байсан ба 2005 онд 10 хүрэхгүй хоногийн дотор 1000 гаруй, өнгөрсөн зун гэхэд л тэр хавийн айлаас 200 гаруй мал үхэж байсан байна.

Энэ хавар нутгийн бараг айл болгоноос машинд дайруулсан юм шиг саажилттай төл 30, 40-өөрөө гарсан, бүр толгойгүй ишиг ч гарсан бөгөөд ийм төл хэд хоноод л үхээд өгдөг байж. Шинэжилгээнд өгөхөд зэсийн дутмагшил гэсэн онош гарчээ.  

Мал нь хөдөөгийн малчин иргэдийн хоол хүнс болон амьжиргааны эх үүсвэр. Тэр ч бүү хэл нийт хүн амын 90 гаруй хувь нь малын махыг хүнсэндээ хэрэглэдэг гээд бодохоор зөвхөн малчдын ч биш нийт хүн амын хүнсний эх үүсвэр.

Ураны хор уршиг маш их. Бүр генд нь нөлөөлж байгааг ч үгүйсгэх аргагүй юм. Тиймээс ураны хайгуул хийж, олборлох үйлдвэр байгуулна гэдэг дэндүү аюул дагуулсан шийдвэр юм.

Ураны хайгуул хийсэн “Гурван сайхан” компанийн зүгээс “Нутгийн иргэдийн саналыг харгалзан үзэх хууль байхгүй, Монголын Улсын Засгийн газраас зөвшөөрлөө авсан төрийн өмчийн болон гадаадын хөрөнгө оруулалттай компани, мөн олон жил хайгуул хийж их хөрөнгө, мөнгө зарцуулсан учир үйлдвэрээ барина” гэсэн хариуг нутгийн иргэдэд өгсөн байна.

Өнөөдөр зөвхөн тэр хавийн хүн мал хордож байгаа бол цаашлаад энэ хор тархаж, Өлзийт, Гурвансайхан, Сайнцагаан сум цаашлаад Өмнөговь аймгийн наад талын сумыг ч хамрахыг үгүйсгэх аргагүй юм. 

Холбоотой мэдээ