Нефтийн эрэлт буурсны улмаас үнэ нь хасах үзүүлэлт рүү орлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-04-21 13:07:32

ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын нефтийн үнэ түүхэнд анх удаа хасах үзүүлэлт рүү орж буурлаа. Ирэх тавдугаар сард нефть хадгалах байгууламжууд дүүрч магадгүйтэй холбоотойгоор нефть олборлогчид худалдан авагчдад мөнгө төлөх шаардлага үүсэж болзошгүй нөхцөл байдал үүсжээ.


Дэлхийн улс орнуудад хөл хорио тогтоосны улмаас нефтийн эрэлт буурч, улмаар нефтийн фирмүүд илүүдэл нефтиэ хадгалах савнуудыг түрээслэхийг эрмэлзэж эхэлсэнтэй холбоотойгоор АНУ-ын нефтийн үнэ хасах үзүүлэлт рүү ороход хүрсэн байна.


WTI” маркийн нэг торх нефтийн ирэх тавдугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ -37.63 ам.доллар болж доошилжээ.


“Түүхэнд ийм үйл явдал тохиож байгаагүй. Эрэлтийн нөлөө хүмүүсийн урьдчилсан таамаглаж болох бүх үзүүлэлтээс давлаа” гэж “CFRA” судалгааны байгууллагын эрчим хүчний шинжээч Стюарт Гликман мэдээлсэн байна.



WTI” нефтийн зургадугаар сард нийлүүлэх үнэ мөн унасан боловч 20 ам.доллароос дээгүүр байна. Харин “Brent” маркийн нефтийн зургадугаар сард нийлүүлэх үнэ мөн суларч, нэг торхын үнэ 8.9 хувиар буурч, 26 ам.доллароос доошилжээ.


“Нефтийн үнийн түүхэн уналт нь нефтийн зах зээлд учирч болзошгүй дарамтуудын сануулга юм. Хэрэв хөл хорио үргэлжилсэн хэвээр байвал зургадугаар сарын үнэ мөн огцом буурах болно. Нефтийн компаниуд болон нефтийн үнийн хэтийн төлөвт санаа зовниж байна” гэж С.Гликман хэлжээ.


Нефть экспортлогч орнуудын байгууллага /ОПЕК/ болон ОХУ тэргүүтэй холбоотон орнууд /ОПЕК+/ нефтийн олборлолтоо түүхэнд байгаагүйгээр танах шийдвэрийг хэдийн гаргасан юм.


АНУ болон бусад оронд ч мөн нефтийн олборлолтыг бууруулах шийдвэрүүдийг гаргаж байна. Гэсэн хэдий ч дэлхий дахины нефтийн нийлүүлэлт хэрэглээг давсан хэвээр байна. Түүнчлэн зөвхөн хэрэглээтэй холбоотой асуудал үүсэхгүй бөгөөд хөл хориог сулруулж, нефтийн эрэлт нэмэгдэх хүртэл нефтийг хэрхэн хадгалах асуудал мөн тулгарах ажээ.


Хуурай газар, тэнгис дэх нефть хадгалах багтаамж дүүрч байгаа бөгөөд энэ үйл явц цаашид үргэлжилвэл нефтийн үнэ дахин унахад хүрнэ. Түүнчлэн эрүүл мэндийн хямрал хэрхэн зохицуулагдаж, эрэлт сэргэх хүртэл үргэлжлэх төлөвтэй байна. 

Холбоотой мэдээ