Бразилын Ерөнхийлөгч олон нийтийн арга хэмжээнд оролцжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА. /RIA Novosti/. Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонару коронавирус тархсантай холбоотойгоор олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байх бүс нутгийн эрх баригчдын зөвлөмжийг үл харгалзан дэмжигчидтэйгээ хамт ням гаргийн орой Бразилын армийн өдөрт зориулан жил болгон зохион байгуулдаг цуглаанд оролцжээ.
Бразилын Ерөнхийлөгч олон хүн хэдийнэ цугласан талбайд хэрхэн ирж байгааг фэйсбүүк хуудсанд нь тавигдсан дүрс бичлэгээс харж болох аж. Тэрбээр хүмүүст хэт ойртохгүйгээр, тэдэнтэй холоос мэндчилж байсан байна.
“Би өнөөдөр ард түмэндээ, Бразилд оронд итгэдэг учраас энд ирсэн” гэж Болсонару цугласан олонд хандаж хэлжээ. Тэрбээр коронавирусний халдварын тархалттай тэмцэх зорилгоор мужуудад худалдаа, үйлчилгээг хязгаарласныг идэвхтэй шүүмжилж байгаа бөгөөд зөвхөн 60-аас дээш насны эрсдэлтэй бүлгийг гэрээсээ гарахыг хориглох "босоо тусгаарлалтын дэглэм" нэвтрүүлэх хэрэгтэй гэж мэдэгдэж байгаа юм.
Бразилын бүс нутгуудын эрх баригчид Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу бүх хүний хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргажээ.
Тус улсын Эрүүл мэндийн сайд асан Энрике Мандетта олон нийтийн арга хэмжээнд оролцож байгаа Болсонаругийн зан авирыг нэг бус удаа шүүмжилжээ. Тэрбээр коронавиурстэй тэмцэх аргуудын талаар санал зөрөлдсөний улмаас өнгөрсөн долоо хоногт ажлаасаа халагдсан бөгөөд Эрүүл мэндийн шинэ сайдаар Нельсон Тейхаг томилсон байна. Тейхаг тангараг өргөх үеэр Болсонару хилээ нээн, худалдааг сэргээж, коронавирус тархсантай холбоотойгоор авсан хязгаарлалтын зарим арга хэмжээг цуцлахыг хүсэж байгаагаа мэдэгджээ.
Хамгийн сүүлийн мэдээллээр, Бразилд 38654 хүн коронавирусний халдвар авч, 2462 хүн нас барсан байна.