Дух нарсны тулалдааны дурсгал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-04-20 16:57:15

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Сэлэнгэ суманд Дух нарс хэмээх түүхийн гэрч болсон нэгэн газар байдаг. 1990-ээд оноос өмнө хүүхэд, залуучуудыг цэрэг эх оронч хүмүүжлээр хүмүүжүүлэх, хөрш хоёр орны ган бат найрамдлыг бэхжүүлэх зорилгоор залуучуудын тойрон аялал зохион байгуулан Ардын хувьсгалын түүхтэй холбоотой газарт дурсгалын самбар босгодог байсан юм. Түүний нэг Дух нарсны тулалдаанд зориулсан самбар, хөшөө өнөөг хүртэл хадгалагдаж байна.

Дэд жанжин Х.Чойбалсангийн удирдсан цэрэг Зөвлөлтийн Улаан армийн жанжин Щетинкиний цэрэгтэй хүч хавсран 1921 оны зун Булган, Хөвсгөл аймгийн нутагт цагаантны цэргийг мөрдөн хөөж байлджээ. Сайн ноён хан аймгийн Итгэмжит гүн, Мэргэн гүний хошуу болох одоогийн Булган аймгийн Хутаг-Өндөр, Хөвсгөл аймгийн Рашаант, Түшээт хан аймгийн Ахай гүний хошуу буюу одоогийн Булган аймгийн Сэлэнгэ сумын Намнан уул, Гуртын тавилан, Ацат тавилан, Дух нарс зэрэг газарт томоохон тулалдаан болсон байна.

Бүтэн зуны турш дайсныг мөрдөн хөөж, 40-өөд удаагийн том, жижиг байлдаанд оролцсон мэдээ байдаг. Эдгээрээс Ацатын тавилан, Дух нарс зэрэг газарт гурав дөрөв хоног үргэлжилсэн ширүүн байлдаан болж, цөөнгүй цэрэг амь насаа алдсаны дотор алдартай мэргэн бууч Бүлтэйн Чулуудай, Сүрэнгийн Содномдаш зэрэг олон хүн баатарлаг гавьяа байгуулан амь үрэгдсэн тухай түүхэнд тэмдэглэжээ.  

Холбоотой мэдээ